Беларусийн уулзалтыг үргэлжлүүлэхээр тогтлоо

Улс төр

Орос-Украины албаны төлөөлөгчдийн уулзалт Беларусийн Украины хилээс холгүй байрлах Припять голын эрэг дээрх Гомель мужид болжээ.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өмнө нь Оростой хийх хэлэлцээг Беларусийн нутаг дэвсгэрт хийхээс татгалзаж байсан юм. Улмаар Украины нутагт хамгийн ойр, өмнөд талаараа хиллэдэг Беларусийн Гомель мужид хэлэлцээ хийхийг зөвшөөрчээ. Энэ муж мөн Оросын талтай зүүн талаараа хиллэдэг байна. 

Уулзалт яг чухам хаана явагдсан нарийн байршлыг дэлгээгүй байна. Түүнчлэн хэвлэл мэдээллийнхний дамжуулснаар Украины талын албаны төлөөлөгчид Гомельд нисдэг тэргээр ирсэн талаар мэдээлжээ.

Гомельд болсон уулзалт хэлэлцээрт Оросын талаас ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, Гадаад хэргийн сайдын орлогч Андрей Руденк, Беларусь дахь элчин сайд Борис Грызлов, Төрийн Думын олон улсын харилцааны зөвлөлийн тэргүүн Леонид Слуцкий болон Батлан хамгаалахын яамны орлогч Александр Фомин нар оролцжээ.

Тэгвэл Украины талаас уулзалт хэлэлцээрт энэ улсын Батлан хамгаалахын сайд Алексей Резников, Дээд Рад дахь улс төрийн фракцийн тэргүүн Давид Арахамия, Ерөнхийлөгчийн албаны зөвлөх Михаил Подоляк нар оролцжээ.