ОХУ, Украины талууд дундын бүсэд хамтарсан хэлэлцээ явууллаа

Улс төр

Хоёр улсын албаны төлөөлөгчид Беларусийн Гомель мужид хэлэлцээ явуулсан ч эхний удаад Украин дахь хямрал, Оросын талаас явуулж байгаа цэргийн ажиллагааны талаарх байр сууриа илэрхийлэн, цаашид гал зогсоох хэлцэлд хүрэх зорилгоор хэлэлцжээ. Талууд эхний уулзалтаар тодорхой үр дүнд хүрээгүй ч яриа хэлцлээ үргэлжлүүлэхээр тогтсон байна. 

Беларусийн нутаг дэвсгэр дээр явагдсан уулзалт хэлэлцээрийн гол зорилго нь Украины нутагт явагдаж байгаа цэргийн ажиллагааг зогсоох явдал байжээ. Украины ерөнхийлөгчийн засаг захиргааны зөвлөх Михаил Подолякийн мэдээлснээр

Гомельд явагдсан хэлцэл маш хүнд нөхцөлд явагдсан ч талууд харилцан харилцан хориг тавихаас илүүтэй, асуудлаа шийдвэрлэх хүсэл зорилготой байсан нь харагдаж байна. Мэдээж гал зогсоох яриа хэлцэл нэг удаад уулзаад тогтох асуудал биш учраас бид хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр тогтсон

гэжээ. Тэгвэл Гомель дахь хэлэлцээрт оролцож байгаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский уулзалт хэлэлцээрийн дараа хийсэн мэдэгдэлдээ Украины талтай цаашид хэлцлийг үргэлжлүүлэхэд чиглэгдсэн зарим нэгдсэн байр сууринд хүрч чадсаныг онцолжээ.

“Бид Украины талтай 5 цагийн туршид яриа хэлэлцээ явуулж, өмнөө тавьсан бүхий л асуудлаар дэлгэрэнгүй хэлэлцлээ. Бид зарим асуудлаар нэгдсэн байр сууринд хүрч, зарим асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтлоо”

гэж Мединскийн тэмдэглэсэн байна. Мединский Гомелийн уулзалтын эхний шатны үр дүнгийн талаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд мэдээлжээ. 

Беларусийн Гомель мужид явагдсан Орос-Украины хэлэлцээр Москвагийн цагаар өдрийн 14 цагийн алдад эхэлсэн. Уулзалт Беларусийн Гадаад хэргийн сайд Владимир Макейн мэдэгдлээр эхэлж, тэрээр Орос-Украины хамтарсан уулзалтад оролцогсдын аюулгүй байдлыг бүх талаар хангаж, уулзалт үр дүнтэй явагдахад бүхий л хүчин чармайлтаа гарган дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Макей түүнчлэн Орос-Украины хоорондын дараагийн уулзалт хэд хоногийн дараа үргэлжилнэ гэсэн ч тодорхой цаг хугацаа нэрлээгүй байна.