ЭМЯ, ОБЕГ, ГССҮТ хамтран 7 өвчтөнд нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүллээ

Үйл явдал

6-р сарын 18-ны Бямба гарагт Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүд Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран орон нутагт авто машины осолд орж хүнд гэмтсэн 7 иргэнд эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүллээ. 

Энэ удаагийн нислэг нь ГССҮТ-ийн эмч нарын баг, Онцгой байдлын алба хаагчид УБ хотоос баг болж хамтран орон нутагт газар дээр нь нисэн очиж өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлсэн анхны тохиолдол боллоо.

Нийт 3 удаагийн нислэг үйлдсэн байна. Дорнод аймгаас 2 удаагийн нислэгээр 6 өвчтөн, Өвөрхангай аймгаас 1 өвчтөнийг нисдэг тэргээр шуурхай тээвэрлэн гэмтлийн лавлагаа тусламж үйлчилгээг үзүүллээ. Үйлчлүүлэгчид ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Иргэд та бүхэн орон нутагт зорчихдоо замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, суудлын тоогоор хүнээ тээвэрлэж, хамгаалалтын бүсээ зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалж үргэлж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.