В.Зеленский: Украин Улс ЕХ-ны бүрэлдэхүүнд яаралтай нэгдэх хүсэлтэй байна

Улс төр

Беларусийн нутаг дэвсгэрт Орос-Украины хамтарсан яриа хэлэлцээр эхлэхээс өмнө Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ээлжит видео мэдэгдлээ хийж, Украин улс ЕХ-ны бүрэлдэхүүнд яаралтай нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн Зеленский Оросын талтай хийх хэлэлцээрийн үеэр галаа нэн даруй таслан зогсоож, Оросын талыг Украины нутаг дэвсгэрээс цэргийн хүчнээ эргүүлэн татахыг шаардаж байгаагаа мэдэгдсэн байна. 

Украин улс ЕХ-нд хандан Нэгдсэн Европын бүрэлдэхүүнд элсэх хүсэлтээ өргөн барьжээ. ЕХ-нд элсэх тухай албаны баримтад Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Киев хотноо гарын үсэг зурсан байна. Түүнчлэн Брюссельтэй хийсэн утасны ярианы үеэр Зеленский Украинд үзүүлэх санхүү мөнгөний тусламж дэмжлэгээ яаралтай үзүүлэхийг хүсч, ЕХ-ны гишүүн улс орноор элсүүлэн, эгнээндээ нэгтгэх хүсэлтээ уламжилжээ.

Украин улс Нэгдсэн Европын гишүүн улс орон болох хүсэлтээ өмнө нь ч тавьж, энэ үйл явц олон жилийн нүүр үзэж байгаа бол ийнхүү албаны хүсэлтээ өгснөөр ЕХ-нд элсэх үйл явц эхэлсэн гэж тооцсон байна. Украин улсыг ЕХ-нд нэгтгэх үйл явцыг эхлүүлэх нь зүйтэй гэдэгтэй Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мөн санал нэгдэж байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрээр Евроньюс сувагт өгсөн ярилцлагадаа энэ талаар мэдэгдэж “Украин улс бидний эгнээнд нэгдэх цаг болсон” гэжээ.

Үүний тулд Украины зах зээлийг Европын нэгдсэн зах зээлд оруулах интеграцчлалын үйл явцыг эхлүүлж, энэ тал дээр нягт хамтран ажиллаж байгааг тэмдэглэсэн байна.

Украин улс ЕХ-нд албан ёсоор нэгдэх хүсэлтээ гаргаж байгаатай холбоотойгоор Нэгдсэн Европын эгнээнд элсэх хүсэлтэй бусад улс орнууд болох Албани, Серби, Умард Македони болон Монтенегро улсууд үйл явцыг анхааралтай ажиглаж байна. Мөн эдгээр орноос гадна Босни, Косово болон Молдав улсууд мөн ээлж дарааллаа хүлээж байгаа юм.