БНАСАУ тактикийн пуужингийн туршилт явууллаа

Улс төр

БНАСАУ энэ сарын 17-нд дахин пуужин харван туршжээ. 

Энэ удаад Пхеньян алсаас удирддаг тактикийн пуужингууд харван туршсан талаар энэ улсын Батлан хамгаалахын шинжлэх ухааны академи мэдээлсэн байна. 

Умард Солонгосын албаны эх сурвалжийн дамжуулснаар тактикийн пуужингийн туршилт амжилттай явагдаж, энэ улсын зүүн эргийн арал дээрх байг оновчтой онож туссан байна. Энэ удаагийн пуужингийн туршилт нь Умард Солонгосын Батлан хамгаалахын шинжлэх ухааны академи дотоодод үйлдвэрлэсэн зэвсгийнхээ хүчин чадал, системийн нарийвчлал, аюулгүй болоод үр дүнтэй байдлыг баталгаажуулах явдал байсныг онцолжээ. Япон болон Өмнөд Солонгосын албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Умардын тал даваа гарагт Японы тэнгисийн зүг ойрын зайн тусгалтай хоёр баллистик пуужин харвасан байна. Пуужингуудыг Пхеньян хотын ойролцоох Сунан олон улсын нисэх буудлаас харвасан нь ойролцоогоор 380 км зай туулан, 42 км-ийн өндөрт гарч, заагдсан байд оновчтой тусчээ. Умардын тал он гарснаас хойш ийнхүү 4 дэх удаагаа пуужингийн туршилт явуулжээ. Өмнө нь Пхеньян 1-р сарын 5,11 болон 14-нд пуужингийн туршилт явуулсны хоёр нь дуунаас хурдан пуужин байжээ.