Давосын 2022 оны эдийн засгийн чуулганыг цар тахлын улмаас хойшлууллаа

Улс төр

Энэ сарын 17-ноос 21-ний хооронд Швейцарын Давос хотноо болох ёстой байсан Дэлхийн Эдийн засгийн чуулганы үйл ажиллагааг цар тахлын омикрон вирусний дэгдэлттэй холбоотойгоор хугацааг нь хойшлуулж, ирэх зун явуулахаар тогтжээ. 

Энэ талаар Дэлхийн Эдийн засгийн чуулганы Женев дахь төв штабаас албан ёсоор мэдээлжээ. Гэсэн хэдий ч 2022 оны Давосын эдийн засгийн чуулганы хүрээнд онлайн уулзалт явуулж, ирэх зун болох чуулганы үеэр хэлэлцэх үндсэн гол сэдэв асуудлуудаа хэлэлцсэн байна. 

Давосын Эдийн засгийн чуулганы үеэр хэлэлцэх гол сэдвүүдийн дотор COVID-19 коронавирусний халдвар, Аж үйлдвэрлэлийн 4 дэх үеийн хувьсгал, уур амьсгалын өөрчлөлт болон тогтвортой хөгжлийн асуудал багтаж байна. Онлайн цахим хэлбэрээр явагдсан уулзалтын эхний өдөр Хятадын төрийн тэргүүн Ши Жинпин мэдэгдэл хийж, цар тахлын эсрэг тэмцэл, мөн дэлхийн хүн амыг дархлаажуулах үйл явцыг улс орнууд хамтран, өөр хоорондоо уялдаа холбоотой явуулах нь зүйтэй талаар мэдэгдэн, цаашид цар тахлын аюул гамшигтай хамтран тэмцэхэд уриалжээ. Түүнчлэн Давосын онлайн уулзалтад Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс, АНУ-ын Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Жон Керри, ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус байгаа юм. Давосын Эдийн засгийн чуулганы үндсэн хэлэлцүүлгийн үеэр хэлэлцэх сэдвүүдийг тогтох уулзалтын үеэр “дэлхийн өнөөгийн байр байдал” сэдвээр улс орнууд ийнхүү онлайн уулзалт хийж, өмнөө тулгамдаад байгаа асуудлаа тавин хэлэлцэж байна.