Осолд Энэтхэгийн батлан хамгаалах штабын дарга, генерал болон 11 хүн амиа алдсан байна

Үйл явдал

Энэтхэгийн өмнөд хэсгийн Тамилнад мужид цэргийн Ми-17 нисдэг тэрэг осолджээ. Ослоор Энэтхэгийн батлан хамгаалах штабын дарга, генерал Бипин Рават, түүний эхнэр болон 11 хүн харамсалтайгаар амиа алдсан байна. 

Цэргийн нисдэг тэрэг Сулур хотоос хөөрч, ойролцоох нисэхийн сургуулийг зорин Энэтхэгийн цэргийн генерал төгсөгчдөд баяр хүргэхээр явж байгаад осолдсон байна.

Сулур хотоос холгүй агаарын цэргийн бааз, мөн нисэхийн сургууль байдаг юм. Нисдэг тэрэг хотын томоохон авто замаас 10-аад км-ийн зайтай осолджээ.

Аврагчид нисдэг тэрэг осолдсон газар луу явган очиход хүрчээ. Ослын гэрчийн ярьснаар нисдэг тэрэг унаж осолдохоосоо өмнө өндрөө хасч, энэ үеэр хүмүүс нисдэг тэрэгнээс үсрэн бууж байжээ. Гэвч ослоос ердөө нэг хүн амьд үлдэж, бусад нь амиа алдсан байна. Нисдэг тэрэг газар мөргөн унасныхаа дараа шатсан байна.

Генерал Бипин Рават аврагчдыг очиход амьд байсан ч эмнэлэгт хүргэсний дараа амьсгал хураажээ. Одоогоор ослын шалтгаан нөхцөл тодорхойгүй байна. Магадгүй цаг агаарын байдал тавгүй, манантай байснаас нисдэг тэрэг осолдсон байж болохыг үгүйсгэхгүй байгаа юм. Энэтхэгийн батлан хамгаалах яам ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар ажлын хэсэг томилжээ.

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди цэргийн генерал болон түүний гэр бүлийнхэн, ослоор амиа алдсан бусад хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. 63 настай Бипин Рават нь Энэтхэгийн батлан хамгаалах штабын 1-р даргын үүрэг гүйцэтгэж байжээ. 2019 онд байгуулагдсан батлан хамгаалах штаб арми, тэнгисийн цэрэг, агаарын хүчний нэгдсэн командлалын төв гэж тооцогддог юм.