Т. Аюурсайхан: Хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад анхаарна

Улс төр

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд боловсрол, соёл, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага солилцох болон цаг үеийн бусад асуудлаар санал солилцлоо. 2018 онд Монгол Улсын Их Хурлын дарга Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийж, Турк Улсын Ерөнхийлөгчид бараалхах үеэр талууд хоёр улсын худалдааны эргэлтийг 10 дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд хоёр улсын хооронд шууд нислэгийн тоог нэмэгдүүлж, аялал жуулчлал, ачаа тээврийн хүчин чадлыг сайжруулан хамтын харилцааг эдийн засгийн агуулгаар харилцан ашигтай хэлбэрээр хөгжүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн Хархоринд нисэх буудал барих, Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалуудыг түшиглэсэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах асуудалд Туркийн талаас анхаарал хандуулж, хамтран ажиллахыг хүслээ. Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш иргэний агаарын тээвэр, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын зэрэг салбарт хамтын ажиллагаагаа урагшлуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.