ОХУ-ын нийслэлд Украинд явуулж байгаа цэргийн ажиллагааг дэмжсэн жагсаал боллоо

Улс төр

ОХУ-ын нийслэл Москва хотод Украинд явуулж байгаа цэргийн ажиллагааг дэмжсэн жагсаал болжээ. Лужникид болсон арга хэмжээ Крым Оросод эргэн нэгдсэний 8 жилийн ойд зориулагдан, цугласан олонд зориулсан тоглолт болж, Оросын телевизийн сувгуудаар шууд дамжуулан үзүүлсэн байна. 

Москва хотын төвд цугласан олонд хандан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлжээ. Путин хэлсэн үгэндээ Украины талыг Донбассын иргэдийн эсрэг геноцид үйлдсэнд дахин буруутгасан байна.

Путин:

-Донбасст ажиллаж, амьдарч байгаа хүмүүс мөн л төрийн эргэлтийг эсэргүүцэж, тэдэнд үүний төлөө цэргийн ажиллагаа явуулан хариу барьж, бүслэлт, дайн тулааны байдалд айдас хүйдэст байлган, Донбассын иргэдийн эсрэг геноцид үйлдэгдэж байсан. Бид эдгээр энгийн номхон хүмүүсийг айдсаас, тогтворгүй ойлгомжгүй байдлаас нь гаргахад тусалж, улмаар Донбассын иргэдийн эсрэг геноцид үйлдсэн хүчний эсрэг тогтоон барих, сануулах, анхааруулах зорилгоор Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулсан

гэж мэдэгдсэн байна. 

НҮБ-ын мэдээллээр Донбассын дайны явцад 3,300 гаруй энгийн номхон иргэн амиа алджээ. Тэдний дийлэнх нь 2015 оны 2-р сараас өмнө хийгдсэн Украины цэрэг дайчид, Оросын эсрэг босогчдын халдлагад өртсөн. Киев Москваг улс орных нь эсрэг дайн тулаан, цус асгаруулсан тэмцэл өрнүүлсэнд буруутгаж байгаа ч эргээд өөрсдийн эхлүүлсэн геноцид, дайн тулаанаа умартаж байна гэжээ. 

Түүнчлэн НҮБ-ын мэдээллээр Оросын тал Украины нутаг дэвсгэр лүү халдан довтолсноос хойшхи 3 долоо хоногийн хугацаанд Украины талаас 800-аад энгийн номхон иргэн, тэр дундаа 36 хүүхэд амиа алджээ. Энэ бол зөвхөн НҮБ-аас өгч байгаа батлагдсан тоо баримт гэгдэж байгаа ч үнэн хэрэгтээ хохирогсдын тоо илүү их байхыг үгүйсгэхгүй юм.