Их Британи Улс ОХУ-ын эсрэг хоригоо дахин чангатгаж байна

Улс төр

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Лондон хотноо болж байгаа Аюулгүй байдлын хамтын хүчний дээд уулзалтад оролцогч талуудад хандан түүний засгийн газар ОХУ-ын эсрэг тавьсан хоригоо дахин тэлж байгаа талаар мэдэгджээ.

Борис Жонсоны мэдээлснээр Их Британийн засгийн газар Оросын 370 иргэний эсрэг шинээр хориг тавьжээ. 

Их Британийн засгийн газраас Оросын эсрэг тавьсан хоригоо дахин тэлж, хар жагсаалтдаа нэмж 370 хүний нэрийг багтаажээ. Тэдний дотор Оросын 50 олигарх, тэрбумтнууд, тэдний гэр бүлийн гишүүд багтаж байна. Их Британийн хар жагсаалтад орсон Оросын иргэдийн нийт хөрөнгө 100 тэрбум фунт стерлинг гэнэ. Лондон хотноо чуулж байгаа Аюулгүй байдлын хамтын хүчний бүрэлдэхүүнд Их Британиас гадна Дани, Финлянд, Эстони, Латви, Литв, Нидерланд, Швед, Норвеги зэрэг орнууд багтдаг байна. Тэгвэл Аюулгүй байдлын хамтын хүчний дээд уулзалтын үеэр Борис Жонсоны мэдэгдсэнээр Оросын эсрэг хар жагсаалтад түүнчлэн энэ улсын экс ерөнхийлөгч Дмитрий Медведев, ОХУ-ын одоогийн ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков, Гадаад хэргийн яамны албаны төлөөлөгч Мария Захарова зэрэг улс төрч, албан тушаалтнуудын нэрс багтжээ. Түүнчлэн ОХУ-ын эсрэг хоригоо ЕХ мөн чангатгаж, шинээр 3,3 тэрбум еврогийн төмрийн импортод хориг тавьжээ. 

ОХУ-ын тал мөн Барууны хоригийн эсрэг хариу арга хэмжээ авч, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Төрийн нар.б. дарга Энтони Блинкен, Тагнуулын Төв албаны дарга Уильям Бёрнс болон бусад өндөр албаны хүмүүсийн эсрэг хориг тавьжээ. Түүнчлэн Кремль олон улсын зүгээс тавьсан хоригийг даван туулах зорилгоор эдийн засгаа аврах 8 тэрбум долларын төлөвлөгөө боловсруулжээ.