Брюссельд НАТО-ийн дээд уулзалт ажлаа эхэлж байна

Улс төр

Бельгийн нийслэл Брюссель хотноо НАТО-ийн гишүүн улс орнууд хуран цуглаж байна. 

Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн орнууд Украины дайн тулаантай холбоотойгоор яаралтай хуран цуглаж, НАТО-ийн дорнод хилийн аюулгүй байдлыг сахин хамгаалах асуудлаар хэлэлцэж байна. 

Брюссель хотноо хуран цуглаж байгаа НАТО-ийн шуурхай хуралдаанд Украины батлан хамгаалахын сайд, Гүржийн албаны төлөөлөгчид, мөн Швед, Финлянд зэрэг орны төлөөлөгчид оролцож байгаа юм.

НАТО-ийн тэргүүн Йенс Столтенберг Брюсселийн уулзалтын өмнө хийсэн мэдэгдэлдээ: -НАТО-ийн үүрэг хариуцлагад Украинд өнөөдөр өрнөөд байгаа үйл явц энэ улсын нутаг дэвсгэрээс хальж, хүрээгээ тэлэхээс сэргийлэх явдал багтаж байна. Чухам энэ зорилгоор Умард Атлантын цэргийн эвсэл дорно зүгт аюулгүй байдлаа сахин хамгаалахаар тэмүүлж байгаа юм гэжээ. НАТО-ийн улс орнууд Украины талд зэр зэвсгийн, мөн бусад талын тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байгаа юм.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остины мэдэгдсэнээр: -Бид цаашид Киевт бүх талаар туслан дэмжих болно. ОХУ, Украины нутаг дэвсгэр лүү халдан довтолсон нь хууль бус, олон улсын хууль эрхзүйг зөрчсөн үйлдэл гэжээ. НАТО-ийн гишүүн улс орнууд ийнхүү байр сууриа илэрхийлж байгаа ч цэргийн эвсэл Украины нутаг дэвсгэрт явагдаж байгаа цэргийн ажиллагаанд хөндлөнгөөс оролцох бодолгүй байгаагаа мөн ойлгуулсаар байна. НАТО болон АНУ-ын талууд Киевийн талаас улсынх нь агаарын орон зайг хаалттай бүс болгох уриалгыг хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгсөөр байгаа юм.