ОХУ, Украины талууд дундын бүсэд хэлцэл хийнэ 

Улс төр

ОХУ-ын зүгээс Украины эсрэг явуулж байгаа цэргийн ажиллагаа, цохилт дайралт 5 дахь хоногтоо үргэлжилж байна. Тэгвэл энэ хооронд Украин болон Оросын талууд дундын бүсэд хэлэлцээ явуулахаар тогтсон байна. 

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Оросын тал Украины талтай Беларусийн Гомель мужид хэлэлцээ хийхээр тохиролцсон талаар ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский мэдээлсэн байна. 

Орос-Украины төлөөлөгчдийн хэлэлцээ даваа гарагт эхлэх талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Гэхдээ одоогоор яриа хэлэлцээрт Орос Украины талаас ямар төлөөлөгчид оролцох талаар тодорхой мэдээлээгүй байна. Ямартаа ч Оросын талаас оролцох төлөөлөгчид Беларусийн Минск хотод хэдийнээ очсон талаарх мэдээлэл ирж байгаа юм. Тэгвэл Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өмнө нь Оростой хийх хэлэлцээг Беларусийн нутаг дэвсгэрт хийхээс татгалзаж байсан юм. Улмаар Украины нутагт хамгийн ойр, өмнөд талаараа хиллэдэг Беларусийн Гомель мужид хэлэлцээ хийхийг зөвшөөрчээ. Энэ муж мөн Оросын талтай зүүн талаараа хиллэдэг байна. 

Түүнчлэн Орос-Украины хооронд хэлэлцээ зохион байгуулах үйл явцыг Швейцарын Женев хотноо хэлэлцэж байгаа юм. Женев хотноо өнөөдөр мөн НҮБ-ын хүний эрхийн асуудлаарх 49 дэх удаагийн чуулган ажлаа эхэлж байгаа юм. Энэхүү чуулганд оролцохоор ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Женев хотноо хүрэлцэн ирж байгаа гэнэ.