ОХУ-ын Гадаад хэргийн сайд Украины асуудлаар Төрийн думд хандан мэдээлэл хийжээ

Улс төр

Орос-Украины харилцааг дөвийлгөн, талцуулан хагаралдуулж байгаа явдал нь байж боломгүй үйлдэл гэж Москва үзэж байна. 

АНУ тэргүүтэй Барууны орнууд Украины талыг Оросын эсрэг зогсоож, хоёр улсын харилцаан дахь таагүй уур амьсгалыг өдөөх маягаар дайн тулаанд турхирч байна гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ. Тэрээр энэ талаар улсынхаа Төрийн Думд хийсэн тусгай мэдэгдлийнхээ үеэр онцолсон байна. 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нар.н.б дарга Энтони Блинкентэй өнгөрсөн долоо хоногт  Швейцарын Женев хотноо нүүр тулсан уулзалт хийсэн. Уулзалтын үеэр талууд Орос-Украины хоорондын зөрчилдөөн, Европын аюулгүй байдал, НАТО-гийн хүрээгээ дорно зүгт тэлэхээр тэмүүлж байгаа асуудлаар голчлон хэлэлцсэн юм. Тэгвэл энэ уулзалтын талаар, мөн ОХУ болон Барууны улс орнуудын Украины талаарх ойлголт, санал зөрөлдөөнтэй байдлын талаар Сергей Лавров Төрийн Думын гишүүдэд хандан хийсэн илтгэл мэдээлэлдээ дурьдсан байна. Лавровын мэдэгдсэнээр 

ОХУ хэзээ ч Украины ард түмнийг сүрдүүлж байгаагүй, Украины эсрэг заналхийлсэн, сүрдүүлсэн ямар ч үг мэдэгдэл оросын нэг ч албан тушаалтан, албаны эх сурвалжаас гаргаж байгаагүй. Тэгвэл Барууны орнууд Украины зүүн бүсийн асуудлаас үүдэлтэй Орос-Украины маргааныг хэт дөвийлгөж, улмаар ОХУ-ын тал Украины нутаг дэвсгэр лүү халдан довтлох гэж байгаа мэтээр хэлж ярьж, ойлгуулж байгааг Москва эрс үгүйсгэж байна. АНУ болон НАТО-ийн орнууд Оросын талыг Украины газар нутаг руу дайрах гэж байгаа мэт төсөөлөн, улмаар Украиныг хамгаалах нэрийдлээр НАТО-г дорно зүгт тэлэхийг, Оросын хил дагуух бүсэд цэргийн хүчнээ төвлөрүүлж, ПЭХС байгуулахаар завдаж байгааг л Москва эсэргүүцэж байгааг дахин хэлжээ.