Блинкен, Лавров нар Женевт хамтарсан уулзалт хийнэ

Улс төр

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Швейцарын Женев хотноо нүүр тулсан уулзалт хийхээр төлөвлөж байна. 

Блинкен, Лавров нарын уулзалт энэ баасан гарагт Женев хотноо болох юм. Энэ талаар  Америкийн Төрийн департаментын албаны төлөөлөгч мэдээлжээ. 

Энтони Блинкен, Сергей Лавров нар Женевийн уулзалтын үеэр АНУ болон ОХУ-ын хооронд хийгдсэн албаны уулзалтын үеэр хүрсэн үр дүнгийн талаар голчлон хэлэлцэхээр төлөвлөж байгаа бололтой. Улс төрийн ажиглагчид Америк Оросын гадаад хэргийн сайд нар хамтарсан нүүр тулсан уулзалт хийхээр тохиролцсоныг хоёр улсын хоорондын дипломат харилцаа төгсөөгүй болохын илрэл гэж харж байна. Талууд Женев хотноо хийх нүүр тулсан уулзалтынхаа үеэр Украины Зүүн бүсийн асуудал, Оросын тал Украины хил дагуу цэргийн хүчнээ төвлөрүүлж байгаа талаар, мөн Орос-Беларусийн талууд ирэх сард Польш, Украины хилийн ойролцоо цэргийн хамтарсан сургуулилт явуулахаар төлөвлөж байгаатай холбоотойгоор Европын аюулгүй байдлын асуудлыг мөн хөндөн хэлэлцэх бололтой.