Нидерландын хаан алтадсан сүйх тэргээр дахин зорчихгүй

Улс төр

Нидерландын хааны гэр бүл дахин ёслолын арга хэмжээндээ алтадсан сүйх тэргэнд суухгүй. 

Энэ тухай Нидерландын хаан Виллем Александр мэдэгдсэн байна.Тэрээр энэ шийдвэрийг Нидерландын хааны гэр бүл орчин цагт алтадсан сүйх тэргээр зорчих нь улс орных нь колоничлолын цаг үеийг эргэн санагдуулж байна гэсэн иргэдийн шүүмжлэл их гарах болсонтой холбоотойгоор гаргажээ. 

Нидерландын хааны гэр бүлийн үеэс үе дамжин ирсэн алтадсан сүйх тэрэгний хоёр бөөрөн дээр байдаг зураг Европын энэ улсын туулж ирсэн түүх соёлыг, тэр дундаа колоничлолын цаг үеийг тодхон илтгэн харуулдаг юм. Сүйх тэрэгний бөөрөн дээрх зурган дээр Африк, Ази гаралтай иргэд Нидерландыг дүрслэн харуулсан цагаан эмэгтэйд какао болон чихрийн нишингэ өргөл барьц болгон өгч, оронд нь соёл иргэншлийг илтгэх ном авч байгааг харуулсан зураг байдаг юм. Тэгвэл энэ зургийг Нидерландын вант улсын иргэд илтэд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан, бусад орныг колоничилж байсан цаг үеийг харуулсан гэж үзэн эгдүүцдэг байна. Нидерландын хааны гэр бүлийн албаны, ёслол хүндэтгэлийн арга хэмжээндээ хөлөглөн очдог энэхүү алтадсан сүйт тэргийг 1898 онд хатан хаан Вильгельмина хаан ширээнд залрах үед Амстердамын иргэдээс бэлэг болгон өгч байжээ. Тэр цагаас эхлэн энэхүү сүйт тэргийг хаан улсынхаа парламентад хандахаар очих үед, мөн бусад ёслолын ажиллагааны үеэр хөлөглөх болжээ. Хамгийн сүүлд сүйх тэргийг 2015 онд ашиглан, улмаар сэргээн босгохоор илгээн, өнгөрсөн оны зунаас Амстердамын музейд байрлуулжээ.