Их долоогийн бүлгийн орнууд Афганистаны асуудлаар хэлэлцэнэ

Улс төр

Афганистанд ийнхүү улс орноо удирдах зөвлөл байгуулахаар хэлэлцэж байх зуур Их Долоогийн бүлгийн улс орнуудын тэргүүлэгчид дэлхийн халуун цэг болоод байгаа Афганистан дахь өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Их Долоогийн бүлгийн тэргүүлэгчид өнөөдөр цахимаар уулзалт хийн, Афганистан дахь өнөөгийн нөхцөл байдал, дотоодын улс төрийн хямрал, хүмүүнлэгийн гамшиг, цаашдын үйл явцын талаар хэлэлцэж байгаа юм.

Их Долоогийн бүлгийн орнууд Афганистаны асуудлаар тусгайлан хэлэлцэх саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар өнгөрсөн долоо хоногт утсаар хэлэлцэх үерээ тогтсон юм. Афганистаны асуудлаарх яриа хэлэлцээрийг шуурхай явуулах шаардлагатай байгаа учраас цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж Их Долоогийн орнуудын төр засгийн тэргүүлэгчид онлайнаар уулзалт хийхээр тов тогтжээ.

Их Долоогийн бүлэгт дэлхийн аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн улс орнууд болох АНУ, Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон улс багтдаг юм. Энэ онд Их Долоогийн бүлгийг Их Британи улс даргалж байна. Их Долоогийн орнууд Афганистаны асуудлаарх цахим уулзалтаараа Өмнөд Азийн энэ улсын талаар цаашид баримтлах ерөнхий стратеги, бодлогоо тодорхойлон, цаашдын чиг шугамын талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.