ХБНГУ, УКРАИНЫ ТАЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Улс төр

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель ОХУ-д хийсэн үдэлтийн айлчлалаа өндөрлөөд Украиныг зорьжээ. Киевт Украины эрх баригчидтай уулзах үеэрээ хатагтай Меркель Германы засгийн газар Украины талд цаашид бүх талаар дэмжлэг үзүүлэх болно гэдгээ илэрхийлсэн байна.

Хатагтай Ангела Меркелийн хувьд тэрээр ирэх 9-р сард улс орондоо болох парламентын сонгуулийн өмнө улсынхаа Холбооны канцлерын хувиар сүүлийн удаа гадны улс орнуудаар айлчлал хийж байгаа юм. Киевт Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах үеэрээ Ангела Меркель, Украины талд ОХУ-тай холбоотой, Донбассын асуудлаарх хямралыг зохицуулахад бүх талаар дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлжээ. Ингэхдээ Германы канцлер Украины зүүн бүс, Донбассын хямралыг Нормандийн форматаар шинэ яриа хэлэлцээр эхлүүлэх замаар шийдэх гарц шийдэл олох нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Германы Холбооны канцлерын дэвшүүлсэн байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Меркель, Зеленский нар “Умардын урсгал-2” Оросын хий дамжуулах хоолой барих төслийн талаар мөн хөндөж, Оросын тал Украины газар нутгийг тойруулан хийн хоолой барьж байгааг Киев стратегийн аюул заналхийлэл гэж хүлээн авч байгаагаа хэлжээ. Зеленский энэ талаар мэдэгдэхдээ: -Бид энэхүү төслийг манай орны аюулгүй байдалд заналхийлсэн, Кремлийн геополитик, стратегийн зэвсэг гэж харж байна гэжээ.