Их Британийн хатан хаан II Элизабет 96 насандаа таалал төгслөө

Үйл явдал

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хатан хаан II Элизабет 96 насандаа тэнгэрт дэвшлээ. Тэрбээр Английн түүхэнд хамгийн удаан буюу 70 жилийн хугацаанд төр барьж, ард түмэндээ асар их хайрлагдаж хүндлэгдсэн хатан хаан байсан юм.

Букингемийн ордноос Пүрэв гарагт цог жавхлант хатан хаан II Элизабет Английн цагаар 18 цаг 30 минутад таалал төгссөн тухай мэдэгдэл хийлээ. Хатан хааны бие муудсан тухай сонссон даруйд түүний бүх хүүхдүүд, ач зээ нар АНУ-руу нүүсэн Харри ч гэсэн Балморал эдлэнд цуглаж, түүнийг эцсийн замд нь үдсэн байна.

Хатан хаан II Элизабет 1952 онд эцэг VI Жорж хаан насан эцэслэсний дараа 25 насандаа хаан сэнтийд заларсан юм. Одоо түүний хүү Уэльсийн хунтайж Чарльз өнөөдөр III Чарльз хаан боллоо.

Тэрээр мэдэгдэлдээ

“Миний болон манай гэр бүлийнхний хувьд асар гунигтай мөч тохиож байна”

гэж хэлсэн байна.

III Чарльз хаан хатныхаа хамт Балморт өнжсөнийхөө дараа өнөө орой Лондон руу буцах гэнэ. Түүний шарилыг Эдинбургээс Лондон руу галт тэргээр зөөвөрлөж, парламентын ордны Уэстминстер танхимд дөрөв хоног байршуулан олон мянган ард иргэдэд түүнтэй салах ёс гүйцэтгэх боломжийг олгох юм байна. Төрийн оршуулах ёслол  энэ сарын 19-нд Лондоны төвд болно. 1997 онд Уэльсийн гүнж Диангийн оршуулгын ёслолыг дэлхий даяар ойролцоогоор 2.5 тэрбум хүн үзсэн гэдэг тоо баримт байдаг. Тэгвэл орчин үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар Хатан хаан II Элизабет-н оршуулах ёслолыг бүр ч их хүн шууд үзэх байх гэж шинжээчид таамаглаж байна.

Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс

"Дэлхий дахинд асар их цочрол боллоо. Хатан хаан II Элизабет бол орчин үеийн Их Британийг босгосон гол суурь хад байсан юм”

гэж хэлжээ. Ийнхүү Их Британи, Европын хаан угсааныхан болон дэлхийн бусад орнуудын удирдагчдаас эмгэнэл, хүндэтгэлийн  захидлууд ирсээр байна.