НҮБ: Украины дайн тулаанд 780 иргэн, тэр дундаа 58 хүүхэд амиа алдлаа

Үйл явдал

НҮБ-аас мэдээлж байгаагаар Оросын цэргийн хүчний Украины эсрэг явуулж байгаа цэрэг дайны ажиллагааны улмаас өнөөдрийн байдлаар Украины 780 иргэн амиа алдаад байна.

НҮБ-ын Дээд комиссариатын газраас мэдээлснээр Украинд 20 гаруй хоног үргэлжилж байгаа дайн тулааны улмаас амиа алдсан иргэдийн дотор 58 хүүхэд байгаа юм. 

НҮБ-ын эх сурвалжийн мэдээлж байгаагаар Украинд амиа алдсан энгийн номхон иргэдийн дийлэнх нь хүнд артиллерийн зэвсгийн дайралт, мөн пуужингийн харвалтад өртжээ. Украинд үргэлжилж байгаа дайн тулааны улмаас шархадсан иргэдийн тоо 1,200-д хүрсэн талаар мөн мэдээлж байгаа юм. Тэгвэл зарим мэдээллээр гэмтэж шархадсан, амиа алдсан иргэдийн тоо 1,500 давсан ч гэж мэдээлж байна. Түүнчлэн Украины 3 сая гаруй иргэн эх орноо орхин дүрвэжээ.