ОХУ, Беларусийн талууд цэргийн сургуулилтаа үргэлжлүүлнэ

Үйл явдал

Орос-Беларусийн талууд Донбасс дахь нөхцөл байдал хурцдаж байгаатай холбоотойгоор хамтарсан цэргийн сургуулилтаа үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ талаар Беларусийн батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна. 

Тэгвэл Орос, Беларусийн төрийн тэргүүн нар бямба гарагт Кремлийн ордонд хийсэн уулзалтынхаа дараа хамтдаа Оросын стратегийн тогтоон барих хүчний нэгдсэн сургуулилтын хүрээнд хийгдсэн баллистик болон далавчит пуужингийн туршилтыг ажигласан байна. 

Оросын стратегийн тогтоон барих хүчний цэргийн сургуулилт амжилттай болж, баллистик болон далавчит пуужингууд байд оновчтой тусчээ. Үүнээс гадна Орос-Беларусийн талууд 2-р сарын 10-20-ны хооронд “Шийдэмгий холбоотон-2022” нэртэй хамтарсан цэргийн сургуулилт амжилттай явуулсан юм. Хамтарсан сургуулилт энэ ням гарагт дуусгавар болох ёстой байсан ч Украины хүчин Донбасс, Донецк, Луганск мужид цэргийн цохилт дайралт өгч байгаагаас шалтгаалан сургуулилтаа үргэлжлүүлэхээр тогтжээ. Шалтгаан нь Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад нэгдэгч орнуудын хил дагуу цэрэг дайны  үйл явц идэвхжиж байгаатай холбоотойгоор Орос, Беларусийн талууд сургуулилтаа үргэлжлүүлэхээр болсон байна. Ингэхдээ Москва Киевийг Донбассын асуудлыг хүч хэрэглэн шийдвэрлэхийг зорьж байгаад буруутгажээ.