Норвегийн шүүх хэт барууны үзэлт террорист Андерс Брейвикийг суллах эсэхийг хэлэлцэж байна

Үйл явдал

Норвегийн шүүх хэт барууны үзэлт террорист Андерс Брейвикийг хугацаанаас нь өмнө шоронгоос суллах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэт үндсэрхэг үзэлт Андерс Брейвик нь 2011 онд Осло хот болон Утойя арал дээр халдлага үйлдэж, 77 хүний аминд санаатай хүрсэн хэргээр 21 жилийн ял аван хоригдож байгаа юм. 

Норвегийн шүүх Андерс Брейвикийн гаргасан хугацаанаасаа өмнө суллагдах давж заалдах шатны өргөдлийг  хүлээн авч хэлэлцэж байгаа юм. Хэдийгээр Брейвикт түүний үйлдсэн террорист халдлагын төлөө 21 жилийн хорих ял оноосон ч хуулийн дагуу хэрэгтэн 10 жил хоригдсоны дараа хугацаанаасаа өмнө суллагдах хүсэлт гаргах эрхтэй байдаг гэнэ.

Хэрэгтний гаргасан хүсэлтийг Брейвикийн хоригдож байгаа Шиен дахь шоронд авч хэлэлцэж байна. Андерс Брейвик 2011 оны 7-р сарын 22-нд Осло хотын төвд, төрийн байгууллагын дэргэд тэсрэх бөмбөг ажиллагаанд оруулж халдлага үйлдэн, улмаар тухайн өдрөө Утойя арал дээр болж байсан залуусын цуглааны үеэр хүмүүс руу учир замбараагүй гал нээж нийтдээ 77 хүний аминд хүрсэн юм.