Өмнөд Солонгосын иргэн умардын хилийг давж, цар тахлын дэглэм зөрчсөний төлөө цаазаар авахуулж болзошгүй 

Үйл явдал

Солонгосын хойгийн бүс нутагтай холбоотой бас нэгэн анхаарал татсан мэдээлэл олон улсын анхаарлыг татжээ. 

Өмнөд Солонгосын талаас Умардын хилийг хууль бусаар давж нэвтэрсэн хэрэг гарчээ. Ихэвчлэн эсрэгээр, Умардаас өмнөд рүү зугтдаг бол маш ховор тохиолдох хэрэг гарч, Өмнөдөөс хойд хөрш рүүгээ хил даван зугтсан хэрэг гарсан байна. 

Өмнөд Солонгосын талаас Умард руу хил даван зугтсан этгээдийг хоёр Солонгосын хилийн зэвсэггүй бүсээс илрүүлжээ. Өмнөд Солонгосын штабуудын нэгдсэн зөвлөлийн мэдээлж байгаагаар зугтагч этгээдийг орон нутгийн цагаар 21 цаг 20 минутын үед завсрын бүсэд илрүүлсэн ч түүнийг эрэн хайх үеэр хил хууль бусаар давсан этгээд зугтан зайлж амжсан байна. Сөүлийн цэргийн удирдлагын мэдээлж байгаагаар тэдэнд хил хууль бусаар нэвтэрсэн этгээдийн талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа учраас Умард Солонгосын талд хандан түүнийг илрүүлбэл хуулийн дагуу эрхийг нь дээдлэн хандах уриалга гаргасан байна. Цар тахлын халдварын улмаас Умард Солонгосын тал хилийн харуул хамгаалалтаа чангатгасан юм. Үүнтэй холбоотойгоор COVID-19 коронавирусний халдвар дэгдэхээс сэргийлэн хилээр ямар ч хүн нэвтрүүлэхгүй, сэжигтэй тохиолдолд шууд устгах даалгавартай байгаа талаар Өмнөдийн цэргийнхэн мэдээлжээ. Тиймээс Умардын тал улсынх нь хилийг даван зөвшөөрөлгүй орж ирсэн хэнийг боловч шууд устгаж болзошгүй гэнэ.