ТАЙВАНЬД ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХҮЧТЭЙ ГАЛ ГАРСНААС 46 ХҮН АМИА АЛДЖЭЭ

Үйл явдал

Тайванд золгүй явдал болж, хүчтэй гал гарснаас 46 хүн амиа алдсан байна. Тайванийн Гаосюн хотод орон сууцны 13 давхар барилгад гал гарснаас ийнхүү золгүй явдал болжээ.

Галд автан шатсан 13 давхар барилгад 120-иод сууцанд оршин суугчид амьдардаг байжээ. Ингэхдээ барилгын оршин суугчдын дийлэнх нь хөгшин настай хүмүүс, мөн бие даан хөдлөх чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байжээ. Барилгад гарсан галыг 4 цагийн туршид унтраасан байна. Барилгын доод давхруудад үйлчилгээний болон худалдааны газрууд байрладаг юм.

Гал 1-р давхарт байрлах цайны газарт гарч, улмаар хоромхон хугацаанд хүрээгээ тэлэн ассан байна. Түймрийн улмаас 46 хүн амиа алдаж, гэмтэж түлэгдсэн 80 гаруй хүнийг эмнэлэгт хүргэсний 14-ийнх нь биеийн байдал хүнд байгаа юм. Гал гарсан шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна.