Колумбийн нутгийн уугуул иргэд майхан хотхон байгуулж, эсэргүүцлийн суулт хийж байна

Үйл явдал

Колумбийн нутгийн уугуул –эмбера омгийн иргэд улсынхаа нийслэл Богота хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд майхан хотхон байгуулж, эсэргүүцлийн суулт хийж байна. 

Эмбера омгийн иргэд газар нутагт нь хүчээ авсаар байгаа зэвсэгт бүлэглэлийнхний аюул заналхийллээс шалтгаалан төрөлх газар орон, нутгаа орхин дайжихад хүрээд байгаа юм.

Колумбид бараг хагас зуун жил үргэлжилсэн иргэний дайн тулаан 2016 онд өндөрлөж, энхийн гэрээ хэлцэл байгуулсан юм. Гэвч Колумбийн зарим нутаг оронд зэвсэгт бүлэглэлүүд болоод засгийн газрын хүчний хооронд мөргөлдөөн тулаан үргэлжилсээр байна.

ФАРК бүлэглэлийн босогчдоос чөлөөлөгдсөн нутаг оронд хяналтаа тогтоохоор сөргөлдөгч бүлэглэлүүд зэвсэгт тэмцэл явуулж, үүнд нутгийн энгийн номхон иргэд өртөж байгааг эмбера омгийнхон эсэргүүцэн, ийнхүү нийслэл хотынхоо төвд майхан хотхон байгуулан эсэргүүцэж байна.