Испанийн эрх баригчид Пальма аралд 200 сая еврогийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ

Үйл явдал

Испанийн эрх баригчид байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдээд байгаа Пальма аралд 200 сая еврогийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ. Пальма арал хагас сарын өмнөөс сэрж оргилсон Кумбре-Вьеха галт уулын дэлбэрэлтэд их хэмжээгээр өртөн сүйдээд байгаа юм. 

Испанийн засгийн газрын албаны төлөөлөгч Педро Санчесын мэдээлснээр улсынх нь сайд нарын зөвлөл Мягмар гарагт хуралдан галт уулын дэлбэрэлтийн улмаас их хэмжээний гамшиг сүйрэл учраад байгаа Пальма арлын дэд бүтэц, усан хангамж, ХАА, аялал жуулчлалын салбар, мөн иргэдийн ажил байдлыг дэмжих зорилгоор үзүүлэх тусламжийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөж байна.

Түүнчлэн Испанийн засгийн газар гамшигт нэрвэгдсэн бүсийн иргэдэд үзүүлэх материаллаг дэмжлэг туслалцаанаас гадна галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэй агаарын бохирдол, үнс нурам, хорт хийн хордлогод өртөөд байгаа нутгийн иргэдийн эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулах асуудлыг ч хөндөн хэлэлцэх юм.

Кумбре-Вьеха  галт уулнаас урсч байгаа халуун лав, хайлмаг далайн эрэг дагуух газарт хүрч, далайн ус руу урсч байгаагаас агаарт маш их хэмжээний хортой бодис, хүхрийн давхар исэл ялгарч байна.