Эмэгтэйчүүдэд сурч боловсрох эрх олгоно, гэхдээ тусдаа танхимд хамрагдах шаардлагатай гэв

Үйл явдал

Афганистаны засгийн эрхийг барьж байгаа талибаны бүлэглэл эмэгтэйчүүдэд сурч боловсрох эрх олгоно гэдгээ мэдэгдсэн ч үүний тулд хүйсээр ялгаварлан тусгаарлах маягаар сургууль, боловсролын байгууллагад хамруулах болно гэдгийг тодотгожээ. Түүнчлэн исламын радикалууд их дээд сургуульд сурч байсан эмэгтэй оюутнууд цаашид хичээл сургуулиа хэрхэн үргэлжлүүлэх боломжийн талаар мэдэгдсэн байна. 

Афганистаны дээд боловсрол хариуцсан сайд Абдулла Баки Хакканигийн мэдэгдсэнээр их дээд сургуулиуд хичээлийн анги танхим болоод сургалтын хуваарийг эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд тусдаа сурахаар зохион байгуулах шаардлагатай гэжээ.

Түүнчлэн хичээлийн хуваарь болоод анги танхимын хүртээмжийг эсрэг хүйстнүүд хоорондоо таарахааргүйгээр зохион байгуулах ёстой гэж мэдэгдсэн байна.

Мөн багш нарын хувьд ч мөн дээрх шаардлагыг тавьж, эмэгтэй багш нар зөвхөн эмэгтэйчүүдэд, эрэгтэй багш нар нь эрчүүдэд хичээл заах ёстойг ч үүрэгдэж байгаа юм.

Түүнчлэн Афганистаны сайдын мэдэгдсэнээр их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг эргэн харж, зарим хичээлийг хасах болон нэмэх болно, үүнд удахгүй шинээр зохицуулалт хийх болно гэжээ.