Израилийн хүчнийхэн эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн Палестины иргэдийг хүчээр тараажээ

photo credit: AZIZ TAHER/REUTERS

Үйл явдал

Израилийн аюулгүйн хүчнийхэн Иордан голын Баруун эрэг, мөн Иерусалим хотын захад олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн Палестины иргэдийг хүчээр тараажээ. Палестинчууд Израилийн шоронгоос оргосон Палестины 6 иргэнийг дэмжин жагсаал зохион байгуулсан юм. 

Еврейн улс орны өндөржүүлсэн харуул хамгаалалт бүхий “Гильбоа” шоронгоос Палестины хоригдлууд оргож, тэднийг эрэн хайх ажил үргэлжилж байгаа юм.

Израилийн шоронгоос оргон зугтсан хоригдлуудын дотор Палестины ФАТХ бүлэглэлийн цэргийн жигүүр болох “Аль Аксагийн бригад” бүлэглэлийн толгойлогчдын нэг 46 настай Закария Зубейди, мөн түүнчлэн “Исламын жихад” бүлэглэлийн 5 гишүүн байгаа юм.

Шоронгоос оргосон хоригдлууд Рамалла хотод Израилийн цэргүүд рүү гал нээж, мөн мөрөө баллан зугтсан байна.

Аль Жазира телевизийн мэдээлж байгаагаар Израилийн цэргийнхэн шоронгоос оргосон хоригдлуудын ар гэрийнхэнийг хяналтандаа оруулж, ажиглалт тандалт хийж байгаа гэнэ. Оргодлуудыг Израилийн хойд нутгаар мөн Иордан голын Баруун эргийн нутгаар эрэн хайж байна.