“АрМи-2021” цэргийн нэгдсэн форум болно

Үйл явдал

ОХУ-ын нийслэл Москва хотын дор байрлах “Патриот” паркад олон улсын цэргийн ур чадварын цэрэг-техникийн нэгдсэн форум эхэллээ. “АрМи-2021” арга хэмжээний хүрээнд түүнчлэн Москвагийн дорх Алабиногийн цэргийн полигонд Army Games буюу цэргийн ур чадварын олон улсын уралдаан тэмцээн болж байгаа юм. 

Олон улсын цэргийн техникийн нэгдсэн форум энэ сарын 26-28-ны хооронд үргэлжилнэ. Цэргийн нэгдсэн арга хэмжээний нээлтэд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин оролцон үг хэлж, цэргийн тактик-ур чадварын олон улсын уралдаанд оролцож байгаа багуудад амжилт хүсчээ. Түүнчлэн чуулганы хүрээнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Иорданийн ван 2-р Абдаллатай уулзаж хоёр улсын цэрэг батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу-гийн мэдэгдсэнээр олон улсын чуулганд дэлхийн 97 улс орны төлөөлөгчид, тэр дундаа 34 орны батлан хамгаалахын сайд нар оролцох гэнэ. Патриот паркад олон улсын чуулганы гол арга хэмжээ болж, Кубинка дахь аэродромд цэргийн техникийн үзэсгэлэн, Алабино дахь цэргийн полигонд АрМи-2021 цэргийн ур чадварын тэмцээн, тэр дундаа “Танкны биатлон” олон улсын тэмцээн болж байна.