“Омайс” далайн шуурга Өмнөд Солонгосын нутгаар дайрчээ

Үйл явдал

Арлын Японы нутгаар шуурч өнгөрсөн Омайс нэр авсан далайн шуурга Өмнөд Солонгосын нутагт хүрчээ. Омайс далайн шуурганд Өмнөд Солонгосын өмнөд хэсэг өртөж, энд хүчтэй аадар бороо орж, хөрсний нуралт гулгалт үүссэн байна.

 Омайс далайн хүчтэй хар шуурганд Японы Окинава муж, Сакисима арлууд илүүтэй өртсөн юм. Тэгвэл Омайс шуурга хойд, баруун хойд зүгийг чиглэн урагшилж Өмнөд Солонгосын Жежү аралд хүрчээ. Омайс хар шуурга Дорнод Хятадын тэнгисээр дамжин урагшилж, эх газарт хүрэхдээ хүчээ бага зэрэг гээсэн ч араасаа хүчтэй аадар бороо дагуулж, секундэд 20 метр хүртэл ширүүсэн шуурч байжээ. Гамшигт үзэгдлийн улмаас усархаг аадар бороо орж, зарим газарт хөрсний гулгалт, нуралт үүссэн байна. Аврагчид гамшгийн бүсээс 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.