Арилжааны банк төрийн мөнгийг аваад дахин “алга болох уу”  

Нийгэм

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр "Эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд төрийн хэчнээн төгрөг байгаа талаар тодруулан тайлбар өглөө. 

УИХ-ын гишүүн Ч. Хүрэлбаатар: “Чингис хаан банк, үндэсний хөрөнгө орлогын банканд  байгаа төрийн мөнгийг авч чадахгүй байгаа.  Тиймээс энэ мөнгөө одоо төлөөч ээ гэдэг шаардлагыг тавьж, ярьж байгаа. Төлөөд дуусчихсан гэдэг яриа ч байгаа. Гэхдээ банкны салбар дунд эрүүл шударгаар ажилладаг, ярьдаг хүмүүс байдаг. Энэ хүмүүс бол худлаа, төлөөгүй байгаа гэдгийг ярьж байна. Монголбанкнаас мөнгө аваад эргүүлээд төрийн мөнгийг төлсөн гэсэн. Төрөөс мөнгө аваад буцаагаад төрд нь өгчихөж байгаа юм. Энийг өр төлөлт гэж тооцдог юм уу, үгүй юм уу. Дээр нь ийм мөнгөн дээр төрийн мөнгийг, ард иргэдийн мөнгийг, ААН-үүдийн мөнгийг алдахаас сэргийлэх хэрэгтэй.  Тиймээс өмнө нь болгоомжлуулж, анхааруулж хэлэх шаардлагатай. Энэ үүднээс эдийн засгийн байнгын хороон дээр асуулга явуулсан.

Энэ үеэр Монгол банкны дэд Ерөнхийлөгч бол 14 тэрбум төгрөг зээлдүүлсэн нь үнэн гэж хариулсан. Үндэсний хөрөнгө оруулалтын банк дээр байсан эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө бол 14 тэрбум төгрөг байсан. Тэгэхээр 14 тэрбум төгрөгийг зээлээд 14 тэрбум төгрөгийг төлсөн гэж харагдахаар байна лээ. Тэрийг асуусан. Монгол банкны дэд Ерөнхийлөгч тийм гэж хариулсан. Үүнээс гадна Чингис хаан банканд төрийн 140 тэрбум төгрөг байгаа. Үүнийг бас төлж барагдуулах чиглэлээр анхааруулга, сануулга хэлж байгаа. Харамсалтай нь үүнээс нэг ч төгрөг төлөгдөөгүй гэдгийг Монголбанкнаас хариулсан” гэлээ.  

 

Мөн үргэлжлүүлэн “Урд хормойгоороо хойд хормойгоороо нөхөж байгаа хэрэг. Үүний цаана илэн далангүй хэлэхэд эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын мөнгө чинь бүгд л ард иргэдийн өөрсдийнх нь төлсөн шимтгэлүүд. Энэ мөнгө алга болно гэдэг чинь эргээд тэтгэвэр өгөх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлснийх нь төлбөрийг зээл авч л өгнө гэсэн үг. Тиймээс ийм буруу жишгийг гаргамааргүй байгаа юм” гэлээ.