Нийтийн тээврийн автобусны ашиглалтын хугацаа дууссан ч дахин нэг жилээр сунгажээ 

Нийгэм

Нийслэлийн нийтийн тээвэрт нэн даруй парк шинэчлэл хийхгүй бол иргэд автобусан дотор зулын гол болох нь гэх шүүмжлэл цахим сүлжээнд хөвөрч байна. Өнгөрсөн 12-р сарын 30-ны өдөр Гачуурт Жуков чиглэлийн зорчигч тээврийн автобусны хөдөлгүүр хэсгээс гал алдсан хэрэг гарсан. Мөн түүнээс 10 хоногийн өмнө Нарангийн гол-Дүнжингарав чиглэлийн автобус шатсан. Галын шалтгаан нь автобусны насжилт хэтэрсэн тул хэрэглээнээс хасах шаардлагатай дүгнэлт гарсан юм. Тиймээс нийтийн тээвэрт хэзээ шинэчлэл хийхээр төлөвлөж байгааг нийслэлээс тодрууллаа.

Нийтийн тээврийн автобус шатсан гэх мэдээлэл өнгөрсөн онд цөөнгүй гарсан. Өнгөрсөн 3 дугаар сард, мөн 14 хоногийн өмнө зорчигчтой явсан нийтийн тээврийн автобус шатсан хэрэг гарсан. Энэ бүх тохиолдолд хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэл үүсээгүй ч цаашид аюулгүй гэсэн үг биш юм. Учир нь нийтийн тээвэрт явж буй автобусуудын ашиглалтын хугацаа 2021 оноор дуусгавар болсон байна. Гэхдээ нийтийн тээврийн автобусанд техникийн үзлэг оношилгоо хийж ашиглалтын хугацааг дахин нэг жилээр сунгажээ. 

ЭНЭ ЖИЛ 250 АВТОБУСААР ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ 

Нийтийн тээврийн автобусыг 100 хувь парк шинэчлэх шаардлагатай байгааг нийслэлийн удирдлагууд учирлаж байгаа юм. Бүгдийг нь нэг дор шинэчлэх боломжгүй учраас хэсэгчлэн шинэчлэхээр өнгөрсөн 11-р сард тендер зарлаад байсан юм. Гэсэн ч худалдан авах ажиллагаа мөн хил гааль хаагдснаас үүдэн эхний 60 автобус өнөөдрийг хүртэл орж ирээгүй байгааг албаныхан хэлж байна.

Автобус шатсан гэх хэргийн галын дүгнэлт ихэвчлэн техникийн асуудлаас үүдсэн гэж гардаг байна.