Иргэд: Дотооддоо үйлдвэрлэдэг мах, төмс, талхныхаа үнийг тогтвортой байлгах шаардлагатай байна

Нийгэм

Иргэдийн өдөр тутмын хэрэглээ болох өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ гэрлийн хурдаар өссөөр байна. Цагаан будааны үнэ гэхэд есөн сарын хугацаанд 55 хувиар өссөн бол ердөө ганц сарын дотор өндөгний үнэ 25 хувиар нэмэгджээ. Импортоор орж ирдэггүй мах, гурил, талхны үнэ ч өсөлттэй байгааг судалгааны байгууллагаас мэдээллээ. Тиймээс төр засгаас үнийн өсөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол хоёр орон давсан инфляци тогтмол өссөөр байхыг санууллаа.

Мес судалгааны байгууллагаас хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргажээ. Ингэхдээ 4 ам бүлтэй, дундаж давхаргын айл өрхийн нэг хоногийн хэрэгцээг тооцсон байна. Есөн  сарын хугацаанд будаа, өндөг, талх, хиам, мах, төмсний үнэ хамгийн их нэмэгдсэн нь судалгаагаар тогтоогджээ.

Дотооддоо үйлдвэрлэдэг мах, төмс, талхны үнэ тогтмол нэмэгдэж байна 

Цар тахлаас үүдэлтэй хил гааль хаагдаж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Гэхдээ хил гаалиас хамааралгүй дотоодод үйлдвэрлэдэг зарим барааны үнэ ч өссөн байгаа юм. Үүнд, мах, төмс, талх зэрэг багтаж байна. Төмс, хүнсний ногоо, улаанбуудайн тариалалт энэ жил нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор төмсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой, гурилын үйлдвэрт илүү гарсан 100-150 мянган тонн улаанбуудайг  засгийн газар худалдан авч байгаа гэдгийг салбарын сайд нь онцолж байсан. Гэвч хил гааль хаагдсан, ачаа тээврийн үнэ нэмэгдсэн гэх шалтгаан байхгүй эдгээр хүнсний бүтээгдэхүүний үнэ 10-аас дээш хувиар нэмэгдсэн байгаа юм.

Үүнээс гадна мах экспортлохгүй байгаа. Гэтэл дотоодын зах зээлд махны үнэ нэмэгдсний сацуу сонголт бага байгааг онцолж байна. Иргэдийн зүгээс ч өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн болохыг ярьж байна.

Иргэдийн зүгээс ядаж дотооддоо үйлдвэрлэдэг мах, төмс, талхныхаа үнийг тогтвортой байлгахад төр засаг анхаарах хэрэгтэйг санууллаа. Манай улсад худалдаалагдах бүхий л зүйлс гадны улс орноос хараат энэ үед үйлдвэрлэгч орон болдоггүй юм аа гэхэд ядаж дотооддоо хүнсний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах хэрэгтэйг иргэд онцоллоо.