Улс төр

Шведын өсвөрийн байгаль хамгаалагч, эко идэвхтэн Грета Тунберг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын чуулган болж байгаа Испанийн нийслэл Мадрид хотноо иржээ. Тэрээр Мадридын чуулганд оролцохын тулд Эрх чөлөөний орноос катамаран хөлөглөн далайд гарч, Атлантын далайг туулан, Португалийн нийслэл Лиссабон хотноо ирж, улмаар тэндээс галт тэргээр зорчин Мадридад ирсэн байна. 

Грета Тунберг охин өнгөрсөн 9-р сард болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцож, чуулганы индэр дээрээс дэлхийн улс орнуудын тэргүүлэгчдэд хандан эх дэлхийгээ хайрлан хамгаалж, үр хойчдоо байгаль дэлхийгээ хайр гамтай шилжүүлэхэд уриалж байсан юм. Байгаль хамгаалагчид, эко идэвхтнүүдийн гол нүүр царай болоод байгаа Грета Тунберг охиныг Мадрид хотноо тэсэн ядан хүлээж байжээ. Тэрээр Мадридад ирсэн даруйдаа “Уур амьсгалын марш” гэж нэрлэгдсэн эсэргүүцлийн жагсаал, арга хэмжээнд оролцжээ.

Жагсаалд оролцогсод улс орнуудын өнөөгийн төр засгийн тэргүүлэгчдийг хүн төрөлхтөний өмнө тулгамдаад байгаа байгаль, экологийн гамшиг сүйрэлд “буруутай” гэж үзэж байна. Мадрид хотноо болсон жагсаалд түүнчлэн нэртэй жүжигчин Хавьер Бардем оролцож, дэлхийн улс орнуудын тэргүүлэгчдээс уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн цаг агаарын дулаарал, байгаль хамгааллын тал дээр дорвитой, шийдвэртэй арга алхам авч, хэлж ярих биш хийж эхлэхийг шаардсан байна.