Их хорийн орнууд шинэ цар тахалд бэлтгэлтэй байхыг санууллаа

Ковид-19 /дэлхий/

Их Хорийн бүлгийн улс орнуудын эрүүл мэндийн яамны сайд нар ням гарагт Италийн нийслэл Ром хотноо уулзаж,хамтарсан яриа хэлэлцээр эхлүүлжээ. Эрүүл мэндийн сайд нарын уулзалт ирэх 10-р сард болох Их Хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалтаас өмнө бүлгийг тэргүүлж байгаа Итали улсын зохион байгуулж байгаа сайд нарын түвшний албан уулзалтуудын нэг юм.

Их Хорийн бүлгийн эрүүл мэндийн яамны сайд нарын уулзалт “Урьдынхаас илүү ирээдүйн төлөө” гэсэн нэгдсэн уриалга дор болж байгаа юм. Хоёр хоног үргэлжилж байгаа уулзалт нийтдээ 3 хэсгээс бүрдэж, эхний өдрийн хуралдаанаар 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд цар тахлын үзүүлсэн нөлөөний талаар хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгчээ.

Тэгвэл уулзалтын хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр ирээдүйд цар тахлын халдвар дахин дэгдвэл авах арга хэмжээ, сөрөг үйл ажиллагаа, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна.

Харин уулзалтын төгсгөлд сайд нар цар тахлын халдварын өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, цаашдын үйл ажиллагааны механизмаа боловсруулан санал бодлоо солилцож, нэгдсэн стратегиа боловсруулах юм.