Зул сарын баяраар Европын иргэд дахин амны хаалтаа зүүнэ

Ковид-19 /дэлхий/

Коронавирусний шинэ хувилбар болох омикрон Европын орнуудад эрчтэй дэгдэж байгаагаас шалтгаалан ирэх зул сар, шинэ жилийн баяраар Европын иргэд амны хаалт зүүх шаардлагатай болжээ. 

Хэдийгээр Европын орнуудад цар тахлын хориг, журмыг эсэргүүцэгчид олон байгаа ч халдвараас сэргийлэхийн тулд, илүү хатуу локдаун тогтоохоос зайлсхийхийн тулд наад захын халдвар хамгааллын дэглэмээ сахихыг уриалж байна. 

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсоны засгийн газар хэдийгээр цар тахалтай холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээс шалтгаалан иргэдийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч яалт ч үгүй дүрэм журам тогтоохоос аргагүй байгаа юм. Борис Жонсоны туслах жилийн өмнө мөрдөж байсан хатуу хөл хорионы үеэр үдэшлэгт оролцож байсан баримт олон нийтэд ил болсноор албан тушаалаасаа буусан юм. Тэгвэл өнөөдөр Их Британид цар тахлын халдвар өндөр байгаагаас шалтгаалан дахин хөл хорио тогтоож болзошгүй нөхцөл байдалтай байна.

Дани улсад баасан гараг буюу өнөөдрөөс эхлэн ирэх он гартал шөнийн клубуудыг хааж, бар рестораны ажиллах цагийн хуваарьт хязгаарлалт тогтоож байна. Түүнчлэн шөнийн цагаар архи согтууруулах ундаа зарахыг хоригложээ. Словакт мөн цар тахлын нөхцөл байдалтай холбоотой хөл хорио, хатуу локдаун тогтоохоос сэргийлэх үүднээс иргэдээ олон нийтийн газраар амны хаалт зүүхэд уриалж байна. Францад сүүлийн үед цар тахлын халдвар нэмэгдэж байгаагаас эрүүл ахуйн нэмэлт арга хэмжээнүүд авч, сургууль цэцэрлэгүүдэд, олон нийтийн газарт зайлшгүй амны хаалт зүүх журам нэвтрүүлж байгаа юм.