Спорт

Өнгөрсөн жилийн наадмаар улсын арслан Бүрэнтөгс долоогийн даваанд өвдөг шороодсон. Дэмжиж явдаг бөхөө унахыг хараад уйлж суугаа бяхцан хүүгийн бичлэг цахим орчинд тархаад байсан. Тэгвэл энэ жил улсын аварга цолонд хүрсэн Бүрэнтөгс үнэнч дэмжигч болох Э. Сумъяабазар хүүгийнд очжээ. Тэрбээр хүүд зориулж малгай, дээл, зодог шуудаг бэлэглэжээ.

Хүүг Энхболдын Сумъяабазар гэдэг. Найман настай. Тэрбээр таван настайгаасаа эхэлж бөх сонирхсон байна. Түүний дэмждэг бөх бол Монгол Улсын аварга П. Бүрэнтөгс. Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар хүүгийн дэмжиж явдаг бөх долоогийн даваанд улсын арслан Ц. Содномдоржид өвдөг шороодсон. Дэмждэг бөхөө унахыг хараад хашааны буланд уйлж суугаа Э. Сумъяабазар хүүгийн бичлэг цахим орчинд цацагдаж, аварга П. Бүрэнтөгсөд хэдийнээ хүрчээ. Хэдхэн хоногийн өмнө П. Бүрэнтөгс аварга хүүгийн гэрт зочилж, түүнтэй өнгөрсөн жилийн барилдааны талаар хууч хөөрч, гарын бэлгээ ч гардуулжээ.

Э. Сумъяабазар том болоод бөх болно хэмээн эргэлт буцалтгүй шийджээ. Хүүгийн аав, ээжийн талын удамд улсын цолтой бөхчүүд бий хэмээлээ. Хүүгийнхээ бөх болох хүсэл сонирхлыг аав, ээж нь ихэд дэмждэг байна.

Э. Сумъяазар хэлэхдээ, П. Бүрэнтөгс аварыг дэмжих олон шалтгаан байдгийн нэг нь түүний зан чанар, уран мэх ихэд таалагддаг гэлээ. Мөн хүүг төрдөг жил Монгол Улсын арслан цолонд хүрсэнд ихэд бэлгэшээдэг байна.

"Би том болоод бөх болно. Ингэхдээ яг тан шиг бөх болно"

хэмээх амлалтыг П. Бүрэнтөгс аваргад өгч байлаа.