Спорт

Токиогийн Олимпийн наадамд оролцохоор ирсэн Угандын баг тамирчдын дундаас хүндийг өргөлтийн спортын тамирчин арлын энэ улсад ирснийхээ дараа сураггүй алга болсон хэрэг явдал болсныг үзэгч та дуулсан байх. Тэгвэл Японы төвийн Нагоя хотын төмөр замын буудлын гаднах хяналтын камерт Угандын тамирчныг илрүүлж, хаа байгаа газрыг нь тогтоожээ.

Угандын шигшээ багийн хүндийг өргөлтийн тамирчин 20 настай Жулиус Секитолеко сураггүй алга болсон талаар Японы Киодо агентлаг энэ сарын 16-нд анх мэдээлсэн юм. Түүнийг шинкансен хурдны галт тэрэгний тасалбар авч Угандын шигшээ баг байрлаж байсан Осака мужийн Изумисана хотоос Нагояг чиглэн явсан байж болзошгүй гэж мэдээлж байсан юм. Багийнхаа байрлалыг орхин явахаасаа өмнө тамирчин зурвас үлдээж, түүн дээрээ эх орондоо буцах хүсэлгүй байгаагаа, мөн Японд ажил хөдөлмөр эрхлэн амьдрах хүсэлтэй байгаагаа бичсэн байжээ.

Тэгвэл алдагдсан тамирчныг даваа гарагт Нагоя хотын төмөр замын буудлын дэргэдэх хяналтын камераас илрүүлсэн байна. Түүнийг Нагоя дахь буудалд буусан гэж үзэн цагдаа нар эрэн хайж байна. Олимпийн наадмын үеэр цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор гадны тамирчид болон албаны төлөөлөгчдийг зөвхөн тусгай зөвшөөрсөн маршрутын дагуу, тусгай унаагаар зөөвөрлөж, нутгийн иргэдийн дунд орох, мөн дураар гадагшаа гарч явахыг нь хориглох журам мөрдөгдөж байгаа юм.