Ж. Батжаргал: Монгол хүний амь насыг таван сая төгрөгөөр үнэлсэн хуулийн зохицуулалтаа эргэн харах ёстой

Нийгэм

УИХ-ын дэд дарга Т. Аюурсайхан тэргүүтэй нэр бүхий 20 гишүүн "Жолоочийн даатгалын тухай" хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан.

Хуулийн өөрчлөлтөөр жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг төр авахаар тусгасан байна. Мөн иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй тохиолдолд тээврийн цагдаагийн алба оролцохгүйгээр нөхөн төлбөрийг шийдвэрлэхээр хуульчилжээ. Харин даатгалын компаниуд дээрх асуудалд шүүмжлэлтэй хандаж эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ.

Нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл даатгалын салбарыг бүхэлд нь булшлах хэмжээний зохицуулалт боллоо гэж мэдэгдлээ. Өргөн баригдсан төслийн 3.1.5-р зүйл заалтаар даатгалын компаниуд өнөөгийн үйлчилгээгээ үзүүлэх боломжгүй болох эрх зүйн орчин бүрджээ. Мөн хариуцлагын даатгалын баталгаат сан гэх тусгай сан бий болгож 30 хоногийн дотор нөхөн олговор олгодог байхаар хуульд тусгасан байна. Энэ нь иргэдийн одоо авч байгаа үйлчилгээг улам бүр хугацаа алдуулах, хүнд сурталд хүргэх, сан нэрээр дахин мөнгө идэх нэг хэлбэр болно хэмээн даатгалын компаниуд эсэргүүцлээ. Албан журмын даатгалын холбооны өнөөгийн нөөц 27 тэрбум төгрөг гэлээ. Энэ төрлийн даатгалын нөхөн олговрыг улам хялбар болгох үүднээс төрийн цахим системд холбох, бусад төрлийн цахим үйлчилгээ нэврүүлэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан ч одоог хүртэл зөвшөөрөл өгч байгаагүй байна. Харин хуулийн шинэ зохицуулалтаар төрийн мэдэлд авахаар тусгаж байгаа нь хэсэг улс төрчдийн ашиг сонирхол явж байна гэж хардах үндэслэл бий гэлээ. 

Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа жолоочийн даатгалын тухай хуульд хүний амь насны хохирлыг таван сая төгрөгөөр тогтоосон. Хатуухан хэлэхэд оршуулгын зардалд хүрэхгүй, монгол хүний амь насыг таван саяар үнэлсэн зохицуулалтаа эргэн хараагүй байж даатгалын салбарыг системээр нь үгүй хийх хуулийг эсэргүүцэн ажиллана хэмээн ийнхүү салбарын төлөөллүүд мэдэгдлээ.