Улсын Их хурал

УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр засгийн газар ковид-19 халдварын тархалтыг дотоодод хязгаарлан, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг гишүүд онцолж байлаа. Тиймээс онцгой дэглэм тогтоосон өнөөгийн нөхцөлд засгийн газар нийгэм, эдийн засгийн арга хэмжээ авч тодорхой шийдвэр гарган журам батлах эрхтэй байх нь зүйтэй гэдгийг гишүүд хэллээ.

УИХ-ын нэр бүхий гишүүд цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг 4 бүлэг 19 зүйл заалттайгаар өргөн барьсан. Уг хуульд тусгагдсан гол заалт нь бүх нийтээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллах хугацаанд хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох, нийгэм, эдийн засгийн арга хэмжээ авч шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх журмыг батлах эрхийг засгийн газарт олгох зохицуулалт юм. Дээрх зохицуулалтыг хийснээр ковид-19 халдварын тархалтыг хязгаарлах, цар тахлаас сэргийлэн ажиллах засгийн газрын үйл ажиллагаанд УИХ-аас хамааралтай хугацаа алдах зүйлгүй гэж үзэж байгаа юм. Мөн Улсын онцгой комиссын үйл ажиллагааг өргөтгөж шийдвэр гаргах эрхийг нэмэгдүүлэхээр төсөлд тусгажээ.

Цар тахлын эсрэг богино хугацааны хуульд төрийн алба хаагчид, тахлын голомтод ажиллаж байгаа ажилтнуудыг хувцас хэрэгслээр хангах, тусгай нөхцлөөр орон сууц олгож амьжиргааг дэмжих чухал заалтууд туссан. Үүнээс гадна дэлхийн зарим улс оронд санаатайгар вирус тараах, улс төрийн зорилготой үйлдэл гаргах болжээ. Тиймээс тусгаарлалтад байгаа иргэдийн эрх үүргийг тодорхой тусгаж хэрэв санаатай үйлдэл гаргах, эсвэл шаардлага биелүүлээгүй тохиолдолд эрүүгийн болон зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр тусгасан. Мөн тахлаас сэргийлэх тодорхой шаардлага биелүүлээгүй, амны хаалт хэрэглээгүй иргэнийг торгох зэрэг зохицуулалт тусч байгаа юм.

Цар тахлын эсрэг хуулийг богино хугацаанд хэрэгжүүлэхээр тусгаж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ковид-19 халдварын хор нөлөө зогссон хэмээн зарласан өдрийн 00 цагаас хуулийн үйлчлэх хугацааг дуусгахаар зохицууллаа. УИХ-аар цар тахлын эсрэг хуулийг нэн яаралтай батлахаар шуурхайлан ажиллаж байна.