ОХУ, Хар далайн бүс рүү байлдааны 6 хөлөг онгоцоо шилжүүлэн байрлуулж байна

Үйл явдал

ОХУ-ын тэнгисийн цэргийн хүчин Газрын Дундад тэнгисээс Хар далай тийш байлдааны 6 хөлөг онгоцоо байршлыг нь өөрчлөн шилжүүлэн байрлуулж байна. 

Оросын тэнгисийн цэргийн хүчний десантын 6 хөлөг онгоц Босфор, Дарданеллын хоолойгоор дамжин Хар далайн уснаа болох тэнгисийн хүчний нэгдсэн сургуулилтад оролцох юм. 

Өнөөдрийн байдлаар Оросын тэнгисийн хүчний “Королёв”, “Минск”, “Калининград” гэсэн гурван десантын хөлөг онгоц Дарданеллын хоолойд, харин “Пётр Моргунов”, “Георгий Победоносец”, “Оленегорский Горняк” гэсэн гурван байлдааны хөлөг онгоц Хар далайг чиглэн явж байгаа юм. Эдгээр байлдааны хөлөг онгоцнууд Хар далайг чиглэн явахаасаа өмнө Газрын Дундад тэнгис дэх материал-техникийн хангамжийн баазад саатжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам 2022 оны 1 болон 2-р сард багтаан тэнгисийн цэргийн хүчний өргөн хүрээний цэргийн сургуулилт явуулахаар төлөвлөөд байгаа юм. Оросын тэнгисийн цэргийн хүчний бүх флотууд нэгдэн оролцох сургуулилт Газрын Дундад тэнгис, Хойд тэнгис, Агнуурын тэнгис, мөн Атлантын далайн зүүн хойд бүс, Номхон далайн бүсэд явагдах юм. Эдгээрт нийтдээ 140 байлдааны хөлөг онгоц, 60 нэгж агаарын техник, мянган нэгж цэргийн техник болон ойролцоогоор 10 мянган цэргийн албан хаагч оролцоно.