Улсын Их хурал

Засгийн газраас цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Сангийн сайд УИХ-ын даргад өргөн барилаа.

Төсөлд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн үндсэн 4 чиглэлд хамаарах 14 арга хэмжээг тодорхойлсон байна. Тогтоолын төсөлд төсвийн орлогын бүрдэлтэй уялдуулан мөнгөн хөрөнгийн зохицуулалтын хүрээнд төсвийн зарлагыг эрэмбэлэн санхүүжүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг оновчтой удирдан зохион байгуулах, төсвийн аливаа мөнгөн хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг төрийн сангийн нэгдсэн дансанд төвлөрүүлэн удирдах зэргээр төсвийн үр ашгийг сайжруулж ажиллах талаар тусгажээ.