Photo credit: president.mn

Ерөнхийлөгч

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ТЭРГҮҮН ЗЭРГИЙН “ЧИНГИС ХААН” ОДОНТ “ХҮ” ХАМТЛАГИЙН ПРОДЮСЕР Б.ДАШДОНДОГ:

Дээд хөх тэнгэр,

Ивээлт өвөг дээдэс,

Их Эзэн Чингис хаан минь ээ,

Мөрийн зэрэгт хүргэгдэж

Төрийн хэрэгт өргөгдсөндөө

Мөхөс би талархаж, нэгэнтээ мэхийн ёсолъё.

Эрхэм хүндэт, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Танаа,

Эрхэм хүндэт, Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Танаа,

Эрхэм хүндэт, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Танаа

Мэргэн сайд, сэцэн түшмэд Та бүхэндээ хоёронтоо мэхийн ёсолъё.

Эрхэмсэг монгол соёлын дээд оршихуй, төр ёсны алдар хүндэтгэлийг хүлээсэн номын мэргэд, урлагийн зүтгэлтнүүд, нэр цуутай хамтран зүтгэгчид ээ,

Эрч хүч, хөдөлмөр зүтгэл, бяр чадлаа гайхуулж Монголыг дэлхийд тамгалсан спортын дэвжээнд гялалзагч хүчтэнүүд ээ,

Анд найз нар аа,

Элэг нэгт монгол ахан дүүс Та бүхэндээ гурвантаа мэхийн ёсолъё.

Чонос удмын Баярмагнай овогтой Дашдондог миний бие Та бүхэндээ өвлийн тэргүүн сарын шинийн нэгний бэлгэт сайн өдрөөр “Хү” хамтлагийнхаа эрч хүчтэй, эрэлхэг цоглог залуучууд болон удам сударт ах дүүсийнхээ нэрийн өмнөөс Их Эзэн Чингис хааныхаа мэлмий гийсэн Монгол бидний бахархлын өдрийн мэндийг хүргэж, мэндчилж байгааг минь тогтоон соёрхоно уу.

Өлзий учралт бэлгэт сайн энэ өдөр Төрийн сүлд, Есөн хөлт их цагаан тугийнхаа оршихуй дор Мөнх тэнгэрийн ташуур Эзэн Чингис хааныхаа нэрээр адислагдсан дэлхийд цор ганц эрхэм дээд шагналыг хүртэж, “Хү” хамтлагийнхаа нэрийн өмнөөс хүлээн авч байгаадаа туйлын баяртай байна. Яг энэ түүхэн мөчид “Хү” хамтлагийн маань хөдөлмөрч, авьяаслаг, даруу төлөв залуус маань Монгол угсаатны цаглашгүй их түүх, өв соёл, үндэсний урлаг, эх сайхан орноо сурталчилж, нэр алдраа цуурайтуулан, дэлхийн үзэгчдийг дуу хуураараа байлдан дагуулсаар байна.

Энэ хүртэл бид ганцаараа байгаагүй. Хайрт хань, гэр бүл, хамтлагийн менежерүүд, найз нөхөд гээд хүч хөдөлмөр, хүнлэг сэтгэл, тус дэмээрээ энэ амжилтыг хамтдаа бүтээсэн хүн нэг бүрд гүн талархлаа илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. Гардахыг нь би гардавч, гавьяаг нь Та бүхэн хамтдаа хүртэх ёстой юм шүү.

Их цадигт өвгөдийнхөө түүхгүйгээр бид хэн сэн билээ?

Их оюунт өвгөдийнхөө үнэн сургаалгүйгээр бид бас хэн сэн билээ?

Өнөөгийн дэлхий дахины соёл иргэншлийн үндэс суурь болсон төрт улс, хууль цааз, худалдаа арилжаа, шуудан холбоо, гүрэн дамжин зорчих алтан гэрэгэ, соёлын өв болсон анхны найрал хөгжим зэрэг улс орнуудын оршин тогтнол, бүрэн эрхийн баталгаа болсон үндэс суурь гээд олон зүйлсийг бидний өвөг дээдэс, монголчууд бид хүмүүн төрөлхтөнд нээн өгсөн билээ.

Бид эв эеийг хичээж, эвлэлдэн нэгдэж чадваас өвөг дээдэс шигээ оюун санаагаар хүчирхэг улс гүрнийг дахин цогцлоож чадна гэж би боддог.

Тойроод гарахгүй, туулаад өнгөрөх энэ богинохон амьдралдаа ирээдүй хойч үеийнхээ төлөө чадах бүхнээ хийгээд, өвөг дээдсийнхээ үйл хэрэг, хүсэл мөрөөдлийг нь бага ч болтугай урагшлуулахын төлөө бид амьдрах ёстой.

Би Та бүхэндээ энэ цаг дор Их Эзэн Чингис хааны билигт сургаалаас өөрийн хэлэх дуртай нэгэн эшлэлийг хэлэхийг хүсэж байна.

“Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсэж байгааг олж мэдэхийг хичээгтүн. Юу хүсэж байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй. Өчигдөр их сууринд суумагц, Өнөөдөр улсын хэргийг орхиж, Биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй” гэж айлдсан Суут Богд Чингис хааны мэргэн сургаал, үг бүр цаг элээх тутам амьд байж, үнэнийг сургасаар, амьд зарлиг нь алтнаас ч үнэтэй болохыг ухаарч байгаагаа хэлэх нь зүйтэй байх. Жил бүрийн энэ цаг дор Эзэн хааныхаа сургаал зарлигийг хэлэлцэж, үр хойчистоо захин үлдээж байх санаачилгыг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн энэ өдөр, Богд дээдсийнхээ өндөр их алдраар соёрхсон, Монгол төрийн тэргүүн эрхэм дээд одонг улсынхаа төрийн тэргүүнээс гардан авсан энэ цаг мөчид миний бие гаргаж байна.

Хөрст дэлхийд дээд хөх тэнгэрийн дор

Хүчирхэг болохыг дахин харуулан

Өвөг дээдсийнхээ үзэл санаа

Өв соёл оюуныг дахин мандуулахын төлөө бүх хүчээ зориулан

Хойч үедээ хүчирхэг Монголоо уламжлуулан үлдээж, ухуулан сэргээж явахаа Төрийн сүлд, Есөн хөлт их цагаан тугийнхаа өмнө амлан тангараглая.

Мөнх тэнгэр биднийг ивээг” гэлээ.