Иргэн: Охины минь толгой дээр халуун кофегоо асгачихаад цагдаагаа дуудаарай, 100 мянгаар л торгуулна гэсэн

Эрх зүй

Цахим сүлжээнд эмэгтэй хүний гар утсыг цохиж унаган танхайрсан цагдаагийн алба хаагчийн бичлэг цацагдаж олон нийтийг бухимдуулсан. Тус цагдаад зодуулсан гэх эмэгтэйг гэрчээр мэдүүлэг өгөхөөр очсон хүн хэмээн ташаа мэдээлэл цацагдаад байгаа юм. Бодит байдал дээр тус охин гэрч болон хохирогч биш бусдын дээр халуун кофе асгасан хэрэгт байцаалт өгөхөөр цагдаагийн байгууллагад очоод асуудал үүсгэжээ. Өнөөдөр өсвөр насны охид маргалдаж нэгнийхээ дээр кофе асгаж байгаа бичлэг мөн цацагдсан. Бид хохирогч охины ааваас зарим зүйлийг тодрууллаа. 

Өчигдөр өсвөр насны хүүхдүүд муудалцаж нэгнийхээ толгой дээл халуун кофе асгаж байгаа бичлэг цацагдсан.

Сууж байгаа охины толгой дээрээс кофе асган танхайрч байгаа эмэгтэй 22 настай бол хохирогч охин 18 настай. Тэдний тухайд нэгнийгээ огт танихгүй, 18 настай охин найзтайгаа кофе уун сууж байтал над руу муухай харлаа гэх шалтгаанаар охиных нь дээрээс кофе асгасан хэмээн хохирогч охины аав бидэнд мэдээлэл өглөө.

Хүний дээрээс халуун кофе асгасан эмэгтэйтэй цагдаа дүрмийн бус харьцжээ

Мөн цахим орчинд цагдаагийн алба хаагч бусдын биед халдаж зүй бус харьцаж байгаа бичлэг цацагдсан. Иргэд олон нийт цагдаагийн алба хаагчийн ёс зүйгүй үйлдэлд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэгвэл тус бичлэг дээр гарч байгаа эмэгтэй бусдын дээрээс халуун кофе асгаж цагдаад мэдүүлэг өгөхөөр очих үедээ асуудал үүсгэсэн байжээ.

Тус эмэгтэй бага насны хүүхдийн гэмт хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхөөр ирэхэд биед халдлаа хэмээн байршуулсан.

Өнөөдрийн байдлаар хохирогч охины толгой хэсэгт цэврүү үүссэн, хэрэг нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа байдалтай байна.

Хүний санаанд багтамгүй балмад үйлдэл гаргасан уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Хохирогч охины дээрээс халуун кофе асгаж байгаа эмэгтэйн аав прокурор гэж өөрөө хэлсэн гэж байгаа.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар түүний аав прокурор биш өмгөөлөгч Батбаяр хэмээн мэдээлж байна.