А.Саруултүвшин: Эмч хүн мэргэжлийн ур чадвараас гадна баг хамт олонтой хамтран ажиллах чадварыг эзэмших хэрэгтэй

Үйл явдал

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бөөрний төвийн эмч, анагаах ухааны доктор Саруултүвшингийн ажлын нэг өдрийг сурвалжиллаа. Бөөрний эмгэг хүн амын дунд элбэг байдгаас гадна байнгын хяналт шаарддаг. Эмч нарын хувьд ч өвчтнүүдийнхээ төлөө үргэлж санаа чилээж байдгийг Саруултүвшин эмч ярилаа.

Саруултүвшин эмч 2000 онд Анагаах ухааны сургуулийг суралцаж төгссөн. Эмчийн мэргэжил хэдхэн жил сураад болчихдоггүй учраас тэрээр төгссөнөөс хойш 10-аад жил мэргэжилээ нарийвчлан судалж, зэргээ ч хамгаалжээ. Саруултүвшин эмч ажлын гараагаа УХТЭ-ээс эхэлсэн.

Салбартаа он удаан жил ажилласан тэрээр салбартаа дадлага туршлагатай эмч нарын тоонд зүй ёсоор багтдаг. Сүүлийн 10 жилийн хугацаанд УНТЭ-ийн Бөөрний төвд Бөөр судлалын эмчээр ажиллаж, хүн ардын эрүүл мэндийг авран хамгаалах их үйлсэд хүчин зүтгэж байна. 

Тэрээр эрдэмтэн багш нарынхаа зааж сургасан энгийн заавар зөвлөмжийг өдгөө ч ажлын талбартаа мөрдөн ажиллаж байна. Мэргэжлийн ур чадвараас гадна хүнлэг энэрэнгүй байх, хүн байх, баг хамт олонтойгоо нэгдэн нэгдмэл болж ажиллах зэрэг энгийн мэт боловч чухал чиг шугамыг дараа дараагийн үедээ, хамт ажиллагсдадаа үлгэрлэн ажилласаар иржээ. Хэдийгээр эмчийн мэргэжил эзэмшээд 20 гаруй жил болсон ч одоо ч эрдэмтэн багш нарынхаа ном товхимлыг эргүүлж харах, гадны орны туршлагатай эмч мэргэжилтнүүдээс суралцсаар байгаагаа хуучиллаа.  

Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр. Эмч гэдэг энхийн манаанд тасралтгүй ажиллаж, хүн ардын эрүүл энх байхад хариуцлагатай үүрэг гүйцэтгэж, байнгын бэлэн байдалд ажилладаг онцгой мэргэжил юм. эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж байгаа бүх цагаан нөмрөгтэй баатрууддаа баярын мэнд хүргэе.