СХНЭ 350 орыг хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулан гаргаад байна 

Үйл явдал

Дүүргийн эмнэлгүүд томуугаар өвчилсөн хүүхдийн ачаалалд дарагдсан хэвээр байна. Дүүрэг бүр хүүхдийн орны тоог 100-200 ороор нэмэгдүүлэн ажиллаж байгаа ч оргил ачааллын үед хаанаа ч хүрэхгүй байгааг учирлалаа. Томуугийн халдварт өртсөн хүүхдүүд богино хугацаанд хүндэрч, хатгалгаа болж эмнэлэгт хэвтэж байгааг хүүхдийн эмч хэлж байна.

Томуугийн халдварын идэвхжил буураагүй хэвээр байна. Дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төв уртасгасан цагаар ажиллаж байна. Харин яаралтай түргэн тусламжийн тасгууд нэмэгдсэн хүчин чадлаар бага насны хүүхдүүдийг хүлээн авч байгаа юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг томуугийн дэгдэлтийн энэ үед хүүхдийн 150 орыг 350 болгон нэмэгдүүлээд байна. Орны тоог нэмсэн ч хүүхдийн өвчлөл их хэвээр, ачаалал буурахгүй байгааг хэлж байна. 

Томуугийн халдвар жил бүр улирал солигдох үед эрс нэмэгддэг. Гэхдээ энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс илүү эрчимтэй тархаж байгааг эмч нар хэлж байна. Томуугийн халдварын шинж тэмдэг илэрсэн бол хүүхдээ цэцэрлэг сургуульд нь явуулахгүй байх, халдвар хамгааллын дэглэм баримтлах, эрүүл мэндийн байгууллагад хандаж, дур мэдэн эмчилгээ хийхгүй байхыг эмч мэргэжилтнүүд сануулж байна.