Улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчний 63 эмч ажиллах ёстойгоос 26 байна 

Үйл явдал

Бэлгийн замын халдварт өвчин буурахгүй байгааг судалгаа харуулжээ. Өнгөрсөн онд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 9,340 тохиолдол бүртгэгдснээс 38 хувийг тэмбүү, 32 хувийг заг хүйтэн эзэлж байна. Бэлгийн замын халдварт өвчнийг бууруулахад энэ төрлийн кабинетийн үйл ажиллагаа идэвхтэй байж, хүн ардад эрүүл мэндийн боловсрол мэдлэг олгох нь чухал. Гэтэл орон нутагт бэлгийн замын халдварт өвчний эмч мэргэжилтнүүд дутмаг байгааг салбарын төлөөлөл хөндлөө.

Тэр бүр хүний анхааралд өртөөд байдаггүй өвчлөл бол бэлгийн замын халдвар юм. Чиглэлээсээ хамааран хувь хүний нууцын зэрэгт хамаардаг энэ төрлийн өвчлөл буурахгүй байгааг албаныхан танилцуулсан. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн эрүүл мэндийн боловсрол олгоход тухайлсан эмч, кабинет нэн шаардлагатай. Хүн амын тооноос хамааран орон нутаг, дүүрэгт 3-5 эмч ажиллах ёстой. Энэ тооцооллоор улсын хэмжээнд 63 бэлгийн замын халдварт өвчний мэргэшсэн эмч ажиллах ёстой ч одоогоор 26 байна. ХӨСҮТ-өөс өнгөрсөн онд 10 эмчийг гадны төслөөр санхүүжүүлэн сургаж төгсгөжээ.  

Бэлгийн замын халдварт өвчнөөр мэргэшихэд 10 орчим жил шаардлагатай.

Одоогоор Төв аймаг болон Налайх дүүрэг бэлгийн замын халдварт өвчний эмчгүй байна. Бэлгийн замын халдварт өвчний эмч болоход ойролцоогоор 10 жил шаардлагатай. Хүний нөөц хангалтгүй байдаг нь суралцах хугацаа уртаас гадна ажлын нөхцөл хүнд байдлаас шалтгаалдаг гэдгийг хэлж байна. 

Тухайн аймаг, сумдад бэлгийн замын халдварт өвчний эмчгүй байх нь олон эрсдэл дагуулдаг байна. Хүний нууцад хамаарах асуудал учраас өөрөө дур мэдэн эмчилгээ хийх, дотны хэн нэгнээсээ, аптекийн эмч зүйчийн санал болгосон эмийг уух, эсвэл өндөр төлбөртэй баталгаатай эсэх нь тодорхойгүй эмнэлэгт хандах болдог байна.

Энэ нь эцэстээ өвчнийг далд хэлбэрт оруулах, архагших нөхцөл байдалд хүргэдэгийг эмч мэргэжилтнүүд онцоллоо. Тиймээс хүний нөөцийн дутагдалтай орон нутгийг ойрын хугацаанд эзэнтэй болгох шаардлага үүсчээ. Мөн салбарын хэмжээнд бодлогоор дэмжих хэрэгтэйг ч хэлж байна.