Ираны цөмийн асуудлаарх олон улсын яриа хэлэлцээр Вена хотноо үргэлжилж байна

Үйл явдал

Австрийн нийслэл Вена хотноо Ираны цөмийн асуудлаарх олон улсын яриа хэлэлцээрийн 8 дахь шатны уулзалт болж байна. 

Энэ сарын 27-нд эхэлсэн уулзалтаар оролцогч улс орнууд Иран улс болон олон улсын тавын бүлэгтэй яриа хэлэлцээрийн үйл явцыг түргэвчлэх, тодорхой үр дүн шийдэлд хүрэхийг хүсч байна. 

Австрийн нийслэлд Ираны цөмийн асуудлаарх “4+1” форматаар олон улсын 8 дахь шатны яриа хэлэлцээр энэ сарын 27-нд эхлэн үргэлжлэн явагдаж байгаа юм. Вены уулзалтад Америк, Британи, Франц, Герман улсууд нэг талаас, нөгөө талаас Иран улс оролцож байна.

Сүүлийн 7 дахь шатны уулзалтан дээр Ираны тал өмнөх 6 шатны уулзалтаар хүрсэн бүх тохиролцоо, яриаг үгүйсгэн хойш суусан юм. Ираны цөмийн амбицийг дарахад чиглэж байгаа олон улсын гэрээг 2015 онд ерөнхийлөгч Барак Обамагийн үед Тегеранд цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээс татгалзан, оронд нь АНУ-аас тавьсан эдийн засгийн хоригийг цуцлуулах гол шаардлаган дор хэлэлцээ хийгдэж байсан ч Вашингтоны дараагийн ерөнхийлөгч Дональд Трампын үед АНУ олон улсын гэрээнээс гарснаар дагаж мөрдөх боломжгүй болгосон юм.

Улмаар АНУ-ын одоогийн тэргүүн Жо Байден Иран улстай цөмийн асуудлаарх яриа хэлэлцээрийг сэргээх байр суурь баримталж байгаа ч Ираны тал энэ удаад өөрийн шаардлагыг тавьж, Вены яриа хэлэлцээр мухардмал байдалд ороод байна. Хэдийгээр Иран, Америкийн хоорондын хэлэлцээг энэ оны 4-р сард сэргээсэн ч Ираны ерөнхийлөгчөөр Ибрахим Раиси сонгогдсоноор яриа хэлэлцээр дахин хойшлогдсон юм.

Раиси Барууны орнуудын эсрэг хатуу үзэл бодолтойгоороо алдартай, тэрээр Ираны эсрэг тавьсан эдийн засгийн хоригийг дотоодын эдийн засгаа хөгжүүлэх боломж гэж харан өөрчлөлт шинэчлэл явуулах арга зам хайн, гадны эдийн засгаас хараат бусаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого баримталж байгаа юм. 

Иран улс олон улсын яриа хэлэлцээрт эргэн нэгдэхдээ шинэ нөхцөл шаардлага тавьж, Вены уулзалтын үеэр Тегераны цөмийн асуудлаар  байгуулсан гэрээг улс орнуудын дараа дараагийн засгийн газар өөрчлөхгүйгээр үргэлжлүүлэн дагаж мөрдөх шаардлага юуны түрүүнд тавьжээ. Энэ нь юуны түрүүнд Цагаан ордны засаг захиргаанд илүүтэй хамааралтай байгаа юм. Тэгвэл Америкийн улс төрийн систем ийм боломжийг хаадаг учраас Ираны талаас тавьж байгаа нөхцөл шаардлагыг хүлээн авах боломжгүй болгож байна гэж ажиглагчид үзэж байна.