Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайд Сарангэрэл болон бусад албаныхан зарим эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажилтай танилцлаа.  Эмнэлгийн байгууллагын гадна зам талбайг иж бүрэн тохижуулж авто зогсоол, гэрэлтүүлэг, явган зам, ногоон байгууламж, яаралтай түргэн тусламжийн автомашины хөдөлгөөний зохицуулалтыг шийдвэрлэсэн байна.  Мөн орц гарцыг нэмэгдүүлснээр эмнэлгийн гаднах орчин нөхцлийг сайжруулсан байна. 

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хувьд өдөртөө 13 мянга орчим хүн зөвхөн үзлэг, оношлогоо хийлгэх гэж ирдэг.  Энэ хэрээрээ эмнэлгийн гадна дотор орчинд үүсэх ачаалал машин зогсоолоос эхлээд хүндхэн байсан. Тэгвэл энэ асуудал шийдэгдэж, эмнэлгийн гадна тохижилтын ажил бүрэн хийгдэж дууслаа. Өнгөрсөн зуравдугаар сард эхэлж дөрвөн сар гаруй хугацаанд үргэлжилсэн тохижилтын ажлын хүрээнд машины зогсоолын хүчин чадал гэхэд 5-6 дахин нэмэгдэж, эмнэлгийн эргэн тойронд сүүдрэвч, гэрэлтүүлэг зэргийг байршуулжээ. Энэ нь манай улсын томоохон эмнэлгүүдийн хувьд гадна орчноосоо эхлээд олон улсын жишигт нийцсэн эмнэлгийн орчинг бүрдэж байгааг салбарын сайд онцоллоо. 

Одоо харагдаж байгаа энэ хэсэгт өмнө нь 50 орчим машин зогсох боломжтой, орох гарах гарцыг бүрэн шийдэж өгөөгүйн дээр, эмнэлгийн гаднах орчинд тус эмнэлгээр үйлчлүүлэгч иргэдэд зориулагдсан амралтын хэсэг байгаагүй. Харин одоо эмнэлгийн эргэн тойрогт сүүдрэвч, хогийн сав, сандал, гэрэлтүүлэг гээд ая тухтай орчинг бүрдүүлжээ. Тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн хувьд ч эмнэлгийн гадна дотно тохижилтын ажилд сэтгэл хангалуун байгаа гэдгээ хэлэхийг хүссэн юм.

Тохижилтын ажлын гүйцэтгэгч компаниар Жипи экспресс финанс компани ажилласан байна. Улсын нэгдүгээр төв эмнэлгийг гаднах тохижилтын ажилд нийтдээ нэг тэрбум орчим төгрөг төсөвлөгдөж, үүнээс 300 саяыг Нийслэлийн засаг даргын тамгын газраас үлдсэн 700 сая төгрөгийг тус гүйцэтгэгч компани өөрөө шийдэж,  тохижилтын хугацаанд нь хийж дуусгасан байна.