Эдийн засаг

Ирэх долоо хоногийн Баасан гараг гэхэд Улсын их хурал 2020 оны нэгдсэн төсөв хэлэлцэн батлах ёстой. Өнөөдөр байнгын хороо хуралдаж төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Маргааш нэгдсэн чуулган бүтэн өдрийг ирэх оны төсөвтөө зориулахаар болж байна. Эрх баригч намын хувьд засгийн газрын боловсруулсан төсвөөс 250 орчим тэрбум төгрөг хэмнэж эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа юм. 

Ирэх оны улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11.8 их наяд, зарлагыг 13,9 их наяд төгрөгөөр тооцож алдагдлыг хоёр их наяд орчимд байхаар өргөн мэдүүлсэн. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөвт орлого зарлага нэмэлгүйгээр тэвчиж болох зардлуудыг танаж шаардлагатай хөрөнгө оруулалтад шилжүүлэх ажлын хэсгийг УИХ байгуулсан. Тус ажлын хэсэг гурван удаа хуралдаж нийт 300 гаруй тэрбум төгрөгийн урсгал зардлыг шилжүүлж боловсрол эрүүл мэндийн салбаруудын хөрөнгө оруулалтад зарцуулахаар болжээ.

УИХ-аас байгуулсан ажлын хэсэг Сангийн сайдын багцын эргэж төлөгдөх зээлийг 98.7 тэрбум, гадаад зээл тусламжаас санхүүжүүлэх зардлыг 100 тэрбум, Улсын төсвөөс санхүүжих хөрөнгө оруулалтын зардлыг 111 тэрбум, Эрүүл мэндийн сайдын эрүүл шүд хөтөлбөрт зарцуулах зардлыг 5.3 тэрбумаар бууруулсан байна. Харин зарим гишүүдийн зүгээс тойрогт нь шаардлагатай төсвийг хассан асуудлыг хөндөж байсан юм.

Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр АМНАТ авах хуулийн зохицуулалт цэц дээр унаснаар төсвийг орлого 1.3 их наядаар тасрах магадлалтай гэх асуудлыг гишүүд хөндөж байлаа. Харин Уул уурхайн сайд төсвийн орлого тасрахгүй гэдгийг онцлон мэдэгдээд байгаа юм.