Эдийн засаг

Улсын их хурал 2020 онд баримтлах мөнгөний бодлого хэлэлцэж эхэллээ. Саарал жагсаалтад багтсан, ирэх жил сонгууль болно гээд цаг үеийн нөхцөл байдлын хувьд мөнгөний бодлогод нухацтай хандах шаардлага тулгарч байгааг эдийн засагчид хэлж байна. Одоо байгаа 15 хувийн бодлогын хүүг ирэх жил 11 хувьд барина. Харин инфляци 8 хувьтай байхаар тооцоолжээ.

Манай улсад мөнгө угаах гэмт хэрэг даамжрах өндөр эрсдэлтэй гэж олон улсын байгууллага үзээд Зимбабе улстай зэрэгцүүлэн саарал жагсаалтад багтаасан. Энэ асуудалд Төв банк болоод Санхүүгийн зохицуулах хороо ажлын хариуцлага алдсан тул удирдлагууд нь хариуцлага хүлээх ёстой гэж УИХ-ын дарга үзэж байгаа. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хороо мөнгө угаах гэмт хэргийн эсрэг бэлэн мөнгөний гүйлгээг хянаж тайлан мэдээг хүлээн авах мэдээлэлд дүн шинжилгээ хийх үндсэн үүрэгтэй. Үүргийнхээ хүрээнд сэжиглэсэн гүйлгээ бүрийг хуулийн байгууллагад шилжүүлэх учиртай ч энэ ажлаас эхлээд хангалтгүй байсныг УИХ-ын дарга хэлсэн. Харин төв банкны тухайд арилжааны банкууд өөрийн хөрөнгөө хууль бусаар нэмэгдүүлсэн байх магадлалтай асуудалд хариуцлагагүй хандсан гэж үзэж байгаа. Тэгвэл хариуцлагаа хүлээхэд бэлэн гэдгээ төв банкны ерөнхийлөгч хэллээ.

Хариуцлагын асуудал эрх баригчдын дунд хэрүүлийн алим болж саарал жагсаалтад орсон шалтгааныг янз бүрээр тайлбарлаж байгаа юм. Улсын мөнгөн гүйлгээ, гадаад хөрөнгө оруулалт олон улсын байгууллагын эрчимтэй хянагдах болсон гол шалтгаан ил тодын хуультай холбоотойг засгийн газрын сайд нар онцолсон. Өөрөөр бол Ардчилсан нам засаг тэргүүлэх үе буюу 2015 онд далд эдийн засгаас гарч ирсэн 34 их наяд төгрөгийг өршөөсөн нь саарал жагсаалтад орох болсон томоохон шалтгаан гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга онцоллоо.

Ардчилсан намын тухайд хууль зүйн сайд болоод сангийн сайд нар ажлаа хийж чадаагүй алдаагаа бидэнд тохож байна гэх байр суурийг илэрхийлж байгаа. Үүнээс гадна ил тодын хуулиар бусдын нэр дээр бүртгүүлсэн нууц хөрөнгүүдийг гаргаж ирсэн нь муу зүйл биш гэсэн юм. Харин Хууль зүйн сайдын зүгээс 34 их наяд төгрөгийг хэрэгсэхгүй болгож холбогдох хуулийн хариуцлага татвараас чөлөөлсөн асуудлыг шалгана гэдэгээ илэрхийлсэн. Ямартай ч өнөөдөр алдааг хэнд тохож хариуцлага хэн хүлээхээс илүүтэй саарал жагсаалтаас хэрхэн гарч санхүү эдийн засагтаа шок бага авах вэ гэдгийг бодох нь хамгаас чухал байгаа юм.